БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-д айлчлах үеэрээ хэд хэдэн үйлдвэрийн газартай танилцсан тухай тухай Yonhap агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун Бээжин хотын захын дүүрэгт оршдог Tong Ren Tang корпорацын эмийн үйлдвэрт хагас цаг орчим саатаж, ашиглаж буй технологиуд, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдтэй танилцсан байна. БНАСАУ-ын удирдагч эдийн засаг, технологийн хөгжлийн Ижуан бүсийн объектод зочилсныхоо дараа Бээжин хотын төвд оршдог "Дяоюйтай" засгийн газрын өргөө рүү буцжээ.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар нэгдүгээр сарын 7-10-ны хооронд тус улсад айлчилж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр орны удирдагчид биечлэн уулзах төлөвтэй байна. Ким Жөн Уныг түүний зөвлөх, Солонгосын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Ён Чоль, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо нар дагалдан явж байгаа юм. 

Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийж магадгүй байгаа хоёр дахь уулзалтын өмнө Бээжингийн дэмжлэгийн авах зорилгоор Хятад хүрэлцэн очсон гэж Өмнөд Солонгосын шинжээчдийн дийлэнх нь үзэж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS