Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун “жирийн улс” байгуулахыг зорьж байна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин мэдэгджээ.

“Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун үзэл суртлын зөрчилдөөнөөсөө салж, улс орноо жирийн улс болгон хөгжүүлэх ихээхэн хүсэлтэй байна” гэж Мун Жэ Ины хэлснийг “Ёнхап” агентлаг уламжилсан байна.

Түүнчлэн тэрбээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа бүхий л салбарт шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэжээ. АНУ болон Умард Солонгос улс нь тохиролцсон ёсоороо эцсийн дүндээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж байна гэж Мүн Жэ Ин үзэж байгаа аж.

Хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд яриа хэлэлцээ хийсэн билээ. Яриа хэлэлцээний дүнд талууд Солонгосын хойгийг цэцэглэн хөгжүүлэх, энх тайвны талаархи хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, цаашид өндөр дээд түвшинд идэвхтэй яриа хэлэлцээ хийж байх нэгдмэл зорилготой байгаагаа хоёр улс батлан илэрхийлсэн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг