КУАЛА-ЛУМПУР. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгт ах Ким Жөн Намыг хөнөөсөн хэргээр ял  сонссон Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгийг баасан гарагт сулласан тухай “Reuters” агентлаг Малайзын Дээд шүүхийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Уг эмэгтэй баасан гарагийн орой Малайзаас нутаг буцна гэж түүний өмгөөлөгч мэдээлсэн байна.


Дөрөвдүгээр сарын 1-нд Малайзын Дээд шүүх 30 настай, Вьетнамын иргэн Доан Тхи Хуонгийг үхэлд хүргэхүйцээр хүний эрүүл мэндэд хохирол учруулж, амь насыг нь санаатайгаар бүрэлгэсэн гэсэн зүйл ангиар яллаж, гурван жил дөрвөн сар хорих ял оноосон юм. Түүний өмгөөлөгчийн тайлбарласнаар, шүүх шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулжээ. Уг хэргийн өөр нэг сэжигтэн болох 26 настай, Индонез улсын иргэн Сити Айсиаг өнгөрсөн гуравдугаар сард шүүх хурлын танхимаас шууд сулласан юм.


Ким Жөн Нам 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Цагдаагийн мэдээллээр, үл таних хүмүүс нүүр рүү нь шингэн зүйл цацсаныхаа дараа зугтсан, толгой нь маш хүчтэй өвдөж, эргэж байна гэж тэрбээр эмнэлэгт хүргэгдэх замдаа хэлж байжээ. Ким Жөн Нам мэдрэл саажуулах “VX” гэдэг бодист хордсоны улмаас нас барсан гэж Малайзын эрх баригчид мэдэгдсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг