БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Пхеньян хотын сургуулиудын сурагчид амттан бэлгэнд авчээ. Энэ тухай тус улс дахь ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээллээ. 

Бэлгийн багцанд Умард Солонгост үйлдвэрлэсэн үрлэн чихэр, бүржмэл, өрмөнцөр, бохь, хатуу чихрүүд орсон бөгөөд сурагч бүр 1 кг жинтэй бэлэг хүлээн авсан байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны төрсөн өдрийг тус улсад албан ёсоор тэмдэглэдэггүй. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг, сонинууд, телевизүүдийн аль аль нь удирдагчийнхаа мэндэлсэн өдрийн талаар дурдаагүй байна.

Багш нар сургуулийн хүүхдүүдэд бэлэг өгөхдөө, Ким Жөн Уны төрсөн өдөртэй холбогдуулан төрөөс хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулж байна гэж хэлж байгаа аж.

БНАСАУ-ын өмнөх удирдагчид болох Ким Ир Сен, Ким Жөн Ир нарын мэндэлсэн өдрийг улс орон даяар өргөн тэмдэглэдэг бөгөөд баярын өдөрт тооцдог. Дөрөвдүгээр сарын 15-нд 1912 оны энэ өдөр мэндэлсэн тус улсыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений дурсгалд зориулж “Нарны өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Ким Жөн Ир 1942 оны хоёрдугаар сарын 16-нд мэндэлсэн бөгөөд Умард Солонгост энэ баярыг “Хурц одны өдөр” гэж нэрлэдэг ажээ.

Тус улсын одоогийн удирдагч нэгдүгээр сарын 8-нд төрсөн гэхээс өөр мэдээлэл байдаггүй бөгөөд түүний төрсөн оныг албан ёсоор мэдээлдэггүй байна. Хэвлэлүүд янз бүрийн эх сурвалжийн мэдээллээс иш татан Ким Жөн Уныг 1982, 1983, 1984 онд төрсөн гэж мэдээлдэг аж. 2011 онд төрийн эрхэнд гарснаас нь хойш Ким Жөн Уны мэндэлсэн өдрийг үндэсний баярын хувиар нэг ч удаа тэмдэглээгүй юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS