СӨҮЛ. /Yonhap/. “БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын удахгүй болох дээд хэмжээний уулзалт нь зогсонги байдалд ороод буй Вашингтон-Пёньяны хэлэлцээнд бага нөлөө үзүүлнэ” гэж БНСУ-ын мэргэжилтнүүд үзэж байна.


Ким-Путин нарын анхны дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо пүрэв гарагт болох төлөвтэй байгаа юм. Ким Жөн Уны аав Ким Жөн Ир болон ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев нар 2011 онд уулзсанаас хойш хоёр орны удирдагчид анх удаагаа уулзах гэж буй нь энэ юм.


Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан АНУ-БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөсөн билээ.


Ким-Путин нарын уулзалт цөмийн зэвсгийн хэлэлцээнд дорвитой нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд найдахгүй байгаа аж. Учир нь Пёньян цөмийн зэвсгээс бүрэн ангижраагүй тохиолдолд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэхгүй гэх хатуу байр суурийг Вашингтоны засаг захиргаа баримталж байгаа юм.


Харин Ким Жөн Унд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахыг тэсэн ядан хүлээх олон шалтгаан байгаа. Тухайлбал тэрбээр В.Путинтэй уулзсанаар залуу удирдагчийн хувьд өөрийгөө дэлхий дахинд болон Вашингтонд таниулах нэгэн боломж болохын зэрэгцээ АНУ, БНХАУ-аас бусад гадаадын орнуудтай дипломат харилцаагаа сайжруулж буйг харуулна гэж Ина их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Нам Чан И хэлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг