Сүүлийн нэг сарын хугацаанд олон нийтийн сүлжээнд тренд болоод буй Kлабхаус аппликейшний талаарх мэдээллийг хүргэе. Цөөнгүй хүмүүс хэдийнэ энэ аппликейшний талаар мэддэг, бүр байнгын хэрэглэгч болсон гэдэгт итгэлтэй байна.

Инфльюнсерүүдээс эхлээд алдартнуудын инстаграм стори, постыг Клабхаус л дүүргэж байна шүү дээ.


Клабхаус гэж юу вэ?

Клабхаус бол хувь хүн хөтлөгч, чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, аль нэг сэдвийн хүрээнд өрөө үүсгэн ярилцдаг олон нийтийн харилцааны шинэ платформ юм. Мөн одоогийн байдлаар зөвхөн IOS үйлдлийн системтэй буюу Apple-ийн гар утсанд сууна. Нэг өгүүлбэрээр тодорхойлбол, сонсдог подкастнаас илүүтэй оролцоотой подкаст юм.

Апп-ыг нээхэд таны орох боломжтой “өрөөнүүдийн жагсаалт” харагдана. Хүсвэл та өөрийн өрөөгөө ч үүсгэж болно. Өрөө тус бүр өөр өөр сэдвээр ярилцдаг бөгөөд ихэвчлэн тухайн салбарын мэргэжилтэн эсвэл туршлагатай хүмүүс үүсгэдэг. Мөн өрөөнд явагдаж буй яриаг ямар нэгэн байдлаар хадгалах боломжгүй тул танд үнэхээр таалагдаж байвал өрөөнөөс бүү гараарай гэж зөвлөе.


Клабхауст хэн, хэн байна вэ? 

Анх Space X, Tesla компанийн гүйцэтгэх захирал Элон Маскаас эхлээд Дрэйк, Опра зэрэг улс төр, урлаг соёлын алдартнууд нэгдэж эхэлсэн нь олны анхаарлыг татаж, зах зээл дээр үнэлгээ нь өсөхөд гол нөлөө үзүүлсэн.

Манай улсад дагагчийн тоогоор комедиан Б.Идэр-Од 92.8 мянган дагагчаар тэргүүлж байгаа бол удаах нь Лэнд МН-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан 70.2 мянга, “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу 51.5 мянган дагагчтай Клабхауст цахиур хагалж байна. 


Хэрхэн бүртгүүлэх вэ?

Клабхаус аппликейшнд нэвтрэхийн тулд танд хэн нэгэн урилга илгээх шаардлагатай. Мөн хэрэглэгч бүрт эхэндээ урилга илгээх хоёр эрх байдаг ба аппликейшнаа идэвхтэй ашиглах тусам урилга илгээх эрх нэмэгддэг байна.

Хэрэв та одоогоор урилга авч чадаагүй бол энэхүү группын гишүүд нэг нэгэндээ урилга илгээж өгдгийг дуулгая. (Clubhouse Mongolia)


Бүртгүүлчихлээ, одоо яах вэ?

Бүртгэлээ үүсгэсний дараа төрөл бүрийн өрөөнөөс сонголтоо хийж, өөрт таалагдснаа сонгон сонсох боломжтой. Мөн найзууд дундаа ч хаалттай өрөө үүсгэн яриа өрнүүлж болно. Энд нийгмийн бүх салбарын хэдэн зуун өрөө бий тул танд зөв өрөөгөө олоход тань туслах үүднээс бид клабхауст хамгийн идэвхтэй байгаа монгол клубүүдийг танилцуулъя.


“Дагалций” клуб

Өдөр бүр 19:30-23:00 цагийн хооронд явагддаг дагалцаж, танилцаж мөн бизнес маркетинг хийх боломжтой клуб. Энэ клубт та дагагч, дагуулагчийн тоогоо нэмж, хүрээллээ ихэсгэх боломжтой. Мөн азтан шалгаруулах, сонирхол туршлагаа хуваалцах гэх мэт сонирхолтой ярианууд өрнөдөг.


“Дэлхийн Монголчууд” клуб

Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын бие биедээ туршлагаа хуваалцдаг клуб. Таны явах гэж буй, очихоор зорьж байгаа оронд ажиллаж, амьдарч байгаа хэн нэгний туршлага, зөвлөмжийг сонсох боломжтой.


“Номтой яриа подкаст” клуб

Хувь хүний хөгжлийн болон уран зохиол, орчуулгын ном, бүтээлүүдийн талаар санал бодлоо хуваалцдаг клуб. Мөн тухайн номын зохиолчтой нь хөөрөлдөж, санал бодлоо хуваалцах боломжтой.


“Бидний хобби” клуб

Та энэхүү өрөөнд юу сонирхдог, ямар хоббитой болох, мөн хоббиндоо хэр зэрэг цаг гаргадаг тухайгаа бусадтай хуваалцах боломжтой. Хоббигоо хайж байгаа болон хоббитой хүн бүрийн ярих индэр.


“Өгүүллэг” клуб

Утга уянга, уран зохиол өгүүллэг, тууж, роман, зохиолд дуртай хүмүүсийн цугладаг гэгээлэг өрөө. Их ажлийн дараа, автобусанд эсвэл унтахынхаа өмнө гайхалтай өгүүллэг, тууж, шүлгийг энэ клубээс сонсож, оюун санаагаа амраагаарай.


“Өглөөний хүн” клуб

Өдөр бүр өөр өөр сэдвийн хүрээнд тогтмол 07:00-09:00 цагийн хооронд чөлөөтэй ярилцдаг клуб. Бие биеэсээ суралцаж, хүндэлдэг өрөө.


“Хөгжмийн өрөө” клуб

Долоо хоног бүрийн лхагва болон бямба гарагт тусгай зочид уригдан оролцож, өөрсдийн уран бүтээлээс амьдаар хүргэж, уран бүтээлийн чөлөөт яриа өрнүүлдэг өрөө. Хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлчээсээ хүссэн асуултаа асуух, ярилцах боломжтой.


“Өрөөнүүдийн тойм анализ” клуб

Хоёр хоногт нэг удаа 22:30-00:30 цагийн хооронд явагддаг хүмүүсийн цагийг хэмнэх өрөө. Хэрэв та таалагдсан өрөөгөө хараахан олж чадаагүй бол энэ өрөөнд байгаа хүмүүсийн сэтгэгдэл, зөвлөмжийг сонсоод өөрт тохирох өрөөгөө олох боломжтой.


Эх сурвалж: thесut.com