Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Тус хуралдаанаар коронавирусийн цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажилтай танилцав. Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл "Өндрөөс дээш" гэсэн үнэлгээ гарсан байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 526 мянга, PCR аппаратаар 981 мянга, нийт нэг сая 500 гаруй мянган хүнд шинжилгээ хийжээ. Нийслэлийн 31 тусгаарлах байранд Монгол Улсын 1,693, гадаадын дөрөв, орон нутгийн нэг байранд зургаан иргэнийг тусгаарласан байна. 

Тусгай үүргийн 119 нислэгээр 21,716, газраар 6,643, нийт 28,359 иргэнээ татаж авчээ. Ирэх сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон Улс руу тус бүр нэг удаа нислэг үйлдэнэ. Вакцин авах, хадгалах, түгээх, дархлаажуулалт хийх зэрэгтэй холбоотой бэлтгэлээ хангаж буй аж.