Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 16.643.000 хүн өвчилж, 659.000 хүн энджээ. Одоогийн байдлаар нийт 10.421.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 226.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас баржээ. 

ДЭМБ-аас коронавирусийн халдварыг таслан зогсоох арга хэмжээг эрүүл мэндийн байгууллага, нийт хүн ам цогцоор нь авах ёстойг дахин сануулсан. Цогц арга хэмжээнд тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарлах, шинжлэх, хавьтлыг хянах, хөл хориог хязгаарлах зэрэг багтаж буй. 

Коронавирус нь шинэ халдвар учраас өдөрт олон зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Тухайлбал, АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас коронавирус нь хоол хүнс, түүний баглаа боодлоор дамжин халдварладаг гэдэг нь тодорхойгүй байгаа боловч уг вирусийн талаарх бидний мэдэхгүй зүйл олон байна. Иймд хоол хүнсний аюулгүй байдал, цэвэрлэгэ, халдваргүйжүүлэлтийг онцгойлон анхаарахыг зөвлөсөн.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 282 хүн хүн орж, 182 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 2698 хүн ажиглалтад байна. Тэдэнд 72 төрийн албан хаагч тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 50 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Тэдэнд 12 их эмч, 40 ресидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.

Мөн тэрээр иргэд олноор бөөгнөрч найр наадам олон хийх нь элбэг байга гэсэн сэрэмжлүүлэг мэдээлэл их ирж байна. Дэлхийн улс орнуудад сүүлийн хугацаанд коронавирусийн халдвар эрс нэмэгдэж, 3-4 хоногт сая гаруй хүн өвчилж буй энэ үед хүн бүр тогтмол амны хаалт зүүж, гараа угааж, хүн хоорондын зайг барих шаардлагатай гэдгийг онцлон хэллээ.