Телевизийн шоуны хөтлөгч Энди Кохэнд коронавирусийн эсрэг биет үүсэн хэдий ч түүний цусны ийлдсийг эмчилгээнд ашиглах боломжгүй. Учир нь тэр бол ижил хүйстэн гэх мэдээ түүний урмыг хугалжээ.

Тэрээр өнгөрөгч Мягмар гарагт "The View" хэмээх ярилцлагад орохдоо түүнд тулгарч байгаа саад нь Хүнс ба эмийн хяналтын албанаас гаргасан ДОХ-ыг тараах вий гэж сэргийлж буй ялгаварлал бүхий хуучны дүрэм журмаас үүдэлтэй гэжээ. 

Тэдний гаргасан журмын дагуу сүүлийн гурван сарын хугацаанд эрэгтэй хүнтэй дотно харилцаанд орсон ижил хүйстэн эрэгтэйчүүд цус болоод цусны ийлдсийн донор болж болохгүй аж.

Зарим эмчийн хэлж буйгаар донороос авсан цусны ийлдэст хангалттай олон тооны эсрэг биет байвал тус вирусээр халдварласан өвчтөний дотор байгаа бүх л коронавирусийг устгаж чадна хэмээжээ.  Харин 4 дүгээр сард Хүнс ба эмийн хяналтын алба мэдэгдэл хийхдээ хүндээр өвдсөн өвчтөнүүдэд эсрэг биет бүхий цусны ийлдэс сэлбэх эмчилгээг хийхгүй болохыг мэдэгджээ.

Энди Кохэн нь өнгөрөгч 3 дугаар сард коронавирусийн эерэг хариу хүлээж авсан бөгөөд 11 хоногийн дотор эдгэрч, ажилдаа эргэн орсон ба хэрхэн халдваргүй болж эдгэсэн тухайгаа олон нийтэд хуваалцсан юм.

Тэрээр өнгөрсөн 4 дүгээр сард эдгэрснийхээ дараа Нью Йорк хотын Маунт Синай дахь хөтөлбөрт бүртгүүлсэн гэнэ. Учир нь тухайн үед эмнэлгийн системээс коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг яаралтай цусныхаа ийлдсийг хандивлахыг хүссэн байжээ. 

"Тэд надад "Чи болохгүй" гэж хэлсэн. Би их эмзэглэсэн бөгөөд технологи хөгжчихөөд байхад энэ бүхэн галзуурал л гэж бодсон. Тэд миний цусанд ДОХ байх вий гэж санаа зовж байсан. Гэхдээ надад ДОХ байхгүй. Хэрэв тэд намайг системээс хасахаасаа өмнө хэд хэдэн удаа л шинжилчихсэн бол болох байсан" хэмээн "The View" ярилцлагын үеэр хэлжээ.

Тийнхүү тэрээр Хүнс ба эмийн хяналтын газрыг хоцрогдсон журмуудаа эргэн харахыг хүсэн хэдэн сарын турш энэ тухай ярьж байгаа юм.

Эцэст нь тэр "Ямар харамсалтай вэ? Миний биед эсрэг биет байхад би бусдыг аврахын тулд цусныхаа ийлдэсийг өгч болохгүй. Үнэхээр урам хугарч байна" гэжээ.


Эх сурвалж: CNN