Дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 цар тахлын эсрэг вакциныг гаргахааар олон улсын байгууллагууд долоон сарын турш туршиж байна. Вакцин гаргах эрхийг судалгаа шинжилгээний нэлээд олон байгууллага авсан бөгөөд өрсөлдөөн ихтэй, урьдчилсан дүгнэлтүүд гарч байгааг ДЭМБ-аас мэдээлсэн.

Тухайлбал АНУ-ын National institute of health болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран хийж байгаа судалгааны эхэн үеийн буюу амьтан дээр турших туршилт амжилттай болжээ. Улмаар дараагийн шат буюу эмнэлзүйн туршилтуудыг хийж эхэлжээ. 

Эмнэлзүйн туршилт нь дотроо олон үе шаттай явагддаг бөгөөд эхэн үеийн туршилтад хамрагдсан хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс вакциныг 100 микрограмм тунгаар хоёр удаа тарьсан байна. Тунг тарьснаас 43 хоногийн дараа оролцогчдын цусанд шинжилгээ хийхэд өндөр түвшний дархлааны уураг тогтсон байжээ. Тэдний талаас илүү хувьд нь ядрах, толгой өвдөх, жихүүдэс хүрэх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрснээс бусдаар ноцтой үр дагавар илрээгүй байна. 

Манай улсын хувьд "ковид-19"-ийн эсрэг вакциныг ДЭМБ-аас албан ёсоор хүлээн зөвшөөрч, баталсны дараа хэрэглэнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Тэр хүртэл иргэд энгийн журмуудыг мөрдөн "ковид-19"-өөс сэргийлж, уламжлалт аргаар дархлаагаа сэргээхийг зөвлөж буй.

Үүнтэй холбоотойгоор дархлаажуулалт болон вакцины талаар АШУҮИС-ийн БиоАС-ийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, Эмнэлзүйн дархлаа судлаач эмч АУ-ны доктор Т.Хонгорзул өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр “Хүнийг аливаа халдварт өвчинд тэсвэртэй болгох үйл явцыг дархлаажуулалт гэдэг. Дархлаажуулалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ бөгөөд идэвхтэй ба идэвхгүй гэж хоёр төрөл байдаг. Идэвхтэй дархлаажуулалт нь илүү урт хугацааны дархлааг тогтоодог ба энэ төрлийн дархлааг вакцинаар хийдэг.

Вакцин гэдэг нь тухайн бичил биетээс гарган авсан биологийн бэлдмэл юм. Бие махбодийн дархлааны тогтолцоог идэвхжүүлж, өвчин үүсгэхгүйгээр дархлааг тогтоож тухайн халдвараас урьдчилан сэргийлэх үйл явцыг вакцинжуулалт гэнэ.

Хүнд гурван төрлийн вакциныг ашигладаг.

  1. Амьд сулруулсан бичил биетэн, 
  2. Үхмэл идэвхгүйжүүлсэн бичил биетэн,
  3. Тухайн өвчин үүсгэгчээс ялган авч цэвэршүүлсэн уургийг ашиглан вакциныг бэлддэг" хэмээлээ.