Керчений хоолойг дамнан Крымийг ОХУ-тай холбох "Крымийн гүүр" нь зуун жилдээ аюулгүй гэж тус гүүрний бүтээн байгуулалтыг хариуцаж буй “Стройгазмонтаж” группын захирлуудын зөвлөлийн тэргүүн Аркадий Ротенберг мэдэгдлээ. "Гүүрний цамхгуудыг өөр өөр өнцгөөр байрлуулж, тулгуур хоорондын нуман тойргийг хангалттай өргөн хийж өгсөн учраас хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай. 

Бид уг гүүрэнд 100 жилийн баталгаа өгч байна" гэж тэрбээр мэдэгдэв. ОХУ-даа хамгийн уртад тооцогдох 19 км урт энэхүү гүүр нь Таманы хойгийг Керчений хоолойтой холбох юм. Гүүрний автомашины зорчих хэсэг өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр оролцсон билээ. Харин төмөр замын хэсэг нь ирэх онд нээлтээ хийх төлөвтэй байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг