Криптовалютын зах зээлийн үнэлгээ түүхэндээ анх удаа 2 их наяд ам.долларийг давлаа. Энэхүү тэсрэлтийг дагаад биткойн болон бусад цахим мөнгөний үнэ хурдацтай өссөөр байна. 

Энэ долоо хоногийн даваа гарагт криптовалютын үнэ 2 их наяд ам.доллараас давж, түүхэн амжилт үзүүлснийг Coin Gecko вэбсайт анх мэдээллэжээ. Энэхүү мэдээллийн дараа криптовалютын зах зээлийн үнэлгээ 2,039 их наяд ам.доллароор дээд хэмжээндээ хүрч, одоогийн байдлаар 2,020 их наяд ам.долларын үнэлгээтэй байна. 

Ийнхүү зах зээл дээр байгаа нийт криптовалют нь дэлхийн томоохон компаниуд болох Apple мөн Google, Tesla-ийн үнэлгээтэй бараг ижил түвшинд хүрлээ.

Энэ оны нэгдүгээр сар буюу ердөө гурван сарын өмнө криптовалютын зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.доллар байсан юм. Энэхүү үзүүлэлт нь мөн тухайн үедээ түүхэн дээд үнэлгээ болж байсан билээ. 

Одоогийн байдлаар нэг ширхэг биткойн 58800 ам.доллароор худалдаалагдаж байна.