УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Амьдралд ойртсон, хөрсөн дээрээ буусан зөв зүйтэй хууль гаргах ёстой. Тийм ч хүлээлт байгаа. Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, бэлчээрийн мал аж ахуйтай. Ийм улс оронд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг боловсруулахад хэцүү байгаа байх. Чадан ядан хууль гаргаж буй нь сайн байна. Гэхдээ энэ хуулийг харж байхад их учир дутагдалтай, хандлага дутуу байна.

Үеийн үед тухайн зорьж буй зорилго, нөхцөл байдал, ард түмнийхээ аж байдалд тааруулж, амьдрал ахуйг нь дээшлүүлэхийн тулд хууль гаргадаг байсан. Б.Чимэд багш бол ингэж ажиллаж байсан.

Олонхыг харж байхад дандаа даргын туслах байсан, цүнх барьдаг байсан хүмүүс орж ирсэн болохоор асуудалд ингэж дутуу хандаж байх шиг байна. 

Сүүлийн үед залуу малчдын халаа гэж байхгүй болсон. Эмэгтэйчүүд хөдөө очоод нөхцөл байдалд дасахгүй байна гэсэн шүүмжлэл байгаа. Үүнийг бодолцсон зүйл хуульд байгаа юу. Ган, зуд болсон үед малчид хаана ч очсон төрийн үйлчилгээг авах боломжийг хангасан уу?

Аймаг, сумын ИТХ-ын хуралд олонх, цөөнх гэж бий. Аймаг, сумын Засаг даргыг олонхиос нь тавьж өгөөд, ИТХ-ын даргыг дараах суудлыг авсан хүмүүсээс нь тавьж өгөхгүй бол амьдрал дээр жижиг намын нэг нөхөр нь худалддаг, тэрийг нь өөхшүүлдэг байдалтай байна. Эдгээрийг зохицуулсан уу" хэмээн асуулаа.

Хариултад нь Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хандлага дутаж байна гэж байна та. Миний мэдэхээр Ажлын хэсгийн гишүүн н.Ганзориг багш гэхэд Б.Чимэд багштай 20 гаруй жил ажилласан. Доктор, судлаач н.Бямбажаргал багш бас Б.Чимэд багштай хамгийн ойр ажилласан хүмүүсийн нэг. н.Товуусүрэн гуай УИХ-д бас цуг ажиллаж байсан, туршлагатай хүмүүс. Би өөрөө Б.Чимэд багшийн номоор, үзэл баримтлалаар нь амьсгалдаг хүн. Манай ажлын хэсгийн гишүүд чин сэтгэлээрээ ажиллаж, холбогдох бүх зүйлийг уншиж судалсан" хэмээлээ.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан "Д.Ганбат гишүүнээ, та бол цөөнхийн бүлгийн ахлагч. Тиймээс асуудалд жаахан эрүүл саруулаар хандмаар байна. Хуулиа уншмаар байна. Нэгдүгээр хэлэлцүүлэгт хуулиа уншаагүй орж ирчихээд энэ ямар учиртай хууль юм бэ гэдэг зүйл яриад сууж болохгүй. Хэн оролцсон, юу тусгасан бэ зэрэг танин мэдэхүйн чанартай юм асуух хэлэлцүүлэг биш.

Танай бүлгээс Ж.Батсуурь гишүүн сайн ажиллаж байгаа. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан, энэ талаарх жаргал, зовлонг мэддэг 7-8 хүн Дэд ажлын хэсэгт ороод маш сайн ажилласан. н.Ганзориг багш бол орчин үеийн Чимид гэсэн үг. 

Олон жилийн амьдралаа Засаг захиргаа, төрийн эрх зүйн чиглэлд зориулсан эрдэмтдийн боловсруулсан хуулийг цүнх баригчдын хууль гэж ямар эр зориг гаргаж хэлж байна та. Үүнийг би АН-ын биш, таны байр суурь гэж бодож байна. Намынхаа нэр хүндийг та ингэж унагаж болохгүй" хэмээлээ.


Тус хуулийн төслийг ЭНД дарж уншина уу.