УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Засгийн газраас өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж байна.

Чуулганы танхимд УИХ дахь АН-ын бүлэг мөнгөний бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, "Халамжийг биш ажлын байрыг дэмжье", "Ам.доллар хувь өсөж, амьдрал 40 хувь уруудав", "Төсөвт шударга, мөнгөний бодлогод заримч хандъя", "Тэвчиж болох зардлаа тана", "Хөшөө биш эмнэлэг баръя", "2014 онд нэг ам.доллар 1700 төгрөгтэй тэнцэж байсан бол 2020 онд 2851 боллоо", "Улсын нийт өр 30,8 тэрбум доллар" зэрэг үгтэй лоозонг ширээндээ байрьлуулж, акцалж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Мөнгөний бодлого гэдэг бол мөнгөний нийлүүлэлт 2021 онд ямар байх вэ, хатуу байх уу, сул байх уу, мөнгөний олдоц хэр байх вэ, Монголбанк ямар бодлого барих вэ, 2021 онд мөнгөний бодлогоор дамжуулж эдийн засаг хэрхэн өсөх вэ гэдэг асуудал юм. Одоо энэ асуудлыг л тойрч ярих ёстой. Олон сонгогдсон гишүүд үүнийгээ мэдэж байх ёстой" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "УИХ-ын даргаа бид дэгээ сахиж энэ хэлэлцүүлгийг хиймээр байна. Эцсийн хэлэлцүүлгийг зөвхөн Байнгын хороо дээр гаргасан саналыг хэлэлцэж батлах ёстой. Би сөрөг хүчнийхээ хийж буй акцыг хүндэтгэж байна. Би ч бас сөрөг хүчин байсан, ийм акц хийгээд явж байсан. Гэхдээ энэ акц манай намын патенттай акц юм. Би та нараас бүтээлч сөрөг хүчин байхыг хүсэж байна. Та нар бүгдээрээ Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд байгаа. УИХ дээр энэ асуудлаар нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийхэд та нар нэг удаа зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан уу. Цөөнх нь ч, олонх нь ч бүтээлч байя" гэв.