УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Батзандан нар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох шаардлагыг дахин өгч, 48 цагийн дотор өргөдлөө өгөхийг шаардлаа.

Хэрэв 48 цагийн дотор өргөдлөө өгөхгүй бол тэд энэ сарын 27-нд буюу ирэх пүрэв гарагийн 11.00 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлэхээ мэдэгдэж, Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Нэг албан тушаалтанд буугаад өгчихдөг ард түмэн байж болохгүй. Эсвэл илэрхий авлигын хэрэгт буугаад эвлэрчихдэг шударга ёс гэж бас байхгүй. Үйл явдал өрнөж, олон үнэн харагдаж эхэлж байгаа байх гэж би бодож байна. 

60 тэрбумын хэргийн дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг гээд хаачихсан байсан. Гэтэл одоо эвлүүлэг биш, гэхдээ хэрэгжээгүй гэж ярьж байна. Ингээд цаашид яваад байвал энэ хэрэг хэрэгжсэн болох байх. Би тэгэж бодоод байна. Өнөөдөр 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудал дээр энэ бичлэг дээр байсан гэдгээ хүлээн зөвшөөрч буй нь энэ хүн огцрох хангалттай үндэслэл. Дэлхийн бүх улс оронд ийм зүйлийг ярьсан УИХ-ын дарга үнэнээ хүлээчихээд цаашаа явах боломжгүй. Бид үүнийг л яриад байна. 

Тэгэхээр бид арга буюу ийм тэмцэлд хамтдаа орох ёстой болж байна. Бид энэ удаа "үгүй" гэж хэлэхгүй бол цаашид үгүй гэж хэлж чадахгүй нөхцөл рүү орно. Энэ систем илүү хүчтэй болж эхэлнэ. Тиймээс бид Төрийн ордон дотор байгаа тэмцлийн бүх аргаар шат дараалан 5-6 сарын туршид бүх хандах ёстой байгууллагад нь хандсан. Өнөөдөр бид ард түмэндээ хандаж байна. 

Энэ удаагийн тэмцэл аль нэг ресторанд хоол идээд, хоорондоо ярьж шүүмжлэх тэмцэл биш байгаасай гэж бодож байна. Эсэргүүцлийн жагсаалд олон сэхээтэн, залуучууд ирээсэй гэж бодож байна. Энэ бол сэтгэгдэл /comment/ бичих тэмцэл биш байгаасай гэж бодож байна. Монгол Улсын төр аюулгүй байдлыг хангах ёстой. Жишээлбэл, Япон, Солонгост бүгдийг метиал шалгагчаар шалгаад оруулдаг. Үүн дээр бид тээр болохгүй. Согтуу хүн ирэхээр шүгэл үлээгээд буцаадаг. Үүнд бид хүндэтгэлтэй хандах ёстой. 

Бид шинэ нийгэм рүү явах ёстой. Ардчилсан нийгмийн хамгийн чухал зүйл үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, үүний дараагаар жагсан цуглах эрх чөлөө юм. Энэ эрх чөлөөгөө бид эдлэх ёстой. 

Цаашдаа аль нэг авлигын хэрэгт орооцолдсон хүн албан тушаалаа өгөхгүй ингэж зууралдах юм бол ард түмэн ирээд буулгаж чаддаг юм байна гэдэг нотлогоог бид өгөх ёстой. Ингэж байж сайн засаглал руу явна. Даварсан авлигачдад үгүй гэж хэлдэг ард түмэн гэдгээ харуулж чадна. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол 4 дэх өдөр бүхэн шат дараалсан тэмцлийн жагсаалаа хийх болно. Бид бууж өгч болохгүй" хэмээлээ.