УИХ-ын гишүүн Л.Болд дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрээр "УИХ-ын Ж.Мөнхбат намайг байн байн гүтгэж байна. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр 30 тэрбум, 8 сая доллар зэрэг тоо хэлж, гүтгэн байж боломгүй авир гаргасан. Үүнийг би тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Үүнтэй холбоотойгоор би Монгол Улсын Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлж байна. 

Засгийн газрыг огцруулахтай холбогдуулан Засгийн газраас 30 тэрбум төгрөгийн хүүгүй зээлийг Л.Болд гишүүнд олгосон гэх мэдээллийг Ж.Мөнхбат гишүүн удаа дараа хийсэн. Үүний тайлбарыг Засгийн газар албан ёсоор өгөх ёстой. Яагаад гэвэл Хөгжлийн банк Засгийн газрын харьяаны банк. 

Энэ засгийг авч үлдэх, хамгаалуулах зорилгоор Засгийн газар надад болон өөр гишүүдэд мөнгө өгсөн бол Засгийн газар хариуцлагаа хүлээж, огцрох ёстой. Үүний хариуг Засгийн газар чуулган дээр танилцуулахыг хүсэж байна. 

Миний бие 1990 оноос хойш 5 дахь удаагаа төрийн байгууллагад сонгогдон ажиллаж байгаа. Сонгуульд ялагдсан он жилүүд бий. Энэ үедээ хувийн секторт ажиллаж "Голомт" банкийг байгуулсан. Хууль зөрчөөгүй. Мөн 2000 оны сонгуульд ялагдсаныхаа дараа дахиж тус банкны ТУЗ-ын даргаар ажилласан. Энэ хугацаанд Голомт банк Монгол Улсын хамгийн том арилжааны банк болж хөгжиж байсан. Гэхдээ би 2013 онд Голомт банк, Боди интернэйшнл компаниас гарсан. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд "Чамд газар өгсөн, чи банк байгуулж, ажиллуулсан" гэдэг асуудлыг надад байнга тавьж байгаа. Гэвч энэ нь тухайн үед хувийн секторт ажиллаж байхдаа ямарч хууль зөрчөөгүй хийсэн ажлууд. Ийм эрх чөлөөний төлөө бид 1990 онд ардчилсан хувьсгал хийсэн. 

Харин 2015 оноос миний дүү Монгол Улсын Гавъяат эдийн засагч Л.Болдхуяг "Богд" гэдэг банкыг хуулийн хүрээнд байгуулан ажиллаж байгаа. Би энэ банкинд хувь эзэмшдэг. Үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулсан байгаа. Би аль нэг компанид хувь эзэмшихэд хууль зөрчсөн асуудал байхгүй. Энэ банк ажлаа л хийж байгаа. 

Тус банкнаас улс төрч Л.Болд гэдэг хүн хувь эзэмшиж буй учир зориудаар банкийг буруутгаж, бизнесийн үйл ажиллагааг нь саатуулах гэж байгаа бол Ж.Мөнхбат болон бусад гишүүний хийж буй гэмт үйлдэл болно. Ингэж хүний хувийн бизнесийн үйл ажиллагаанд улс төрийн зорилгоор халдаж болохгүй. Үүнийг би буруу гэж бодож байна. Үүнд би тайлбар өгч байгаагүй, нэг удаа хэлчихье, цаашид ч олон хэлэхгүй" хэмээн мэдэгдлээ.