УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Л.Болд "Хүний эрхийн үндэсний комиссын 18 дугаар илтгэлийг яагаад оруулсангүй вэ. Энэ асуудлыг энэ долоо хоногт багтаад хэлэлцчихвэл зүгээр байна. Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр энэ 18 дугаар илтгэлийг хэлэлцсэн. Гарсан шийдвэрийн талаар зориудаар буруу мэдээлэл хэвлэлээр цацаж байна.

Ингэхдээ "Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сулла гэсэн саналыг Л.Болд гишүүн гаргасан. Үүнийг нь Байнгын хороо дэмжсэнгүй. "Тэднийг суллахгүй гэсэн шийдвэр гаргалаа" гэх мэтээр буруу мэдээлэл цацаж байна. 

Энэ үг тэдэнд ямар хүндээр тусаж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Аав, ээж, хүүхдүүд, ах дүү нар нь гээд олон хүн байгаа. Ар гэрийнхэн нь цөхрөнгөө бараад одоо монголын парламент руу итгэлийн нүдээр харж байгаа. Гэтэл ийм худал мэдээлэл цацаж байна.

Яг үнэнээрээ юу гэж шийдсэн бэ гэхээр, Эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тул суллах чиглэлээр арга хэмжээ авах ёстой гэж ярьсан. Суллах гэхээр Байнгын хороо сулладаг мэт ойлгогдоод байна. Тэгэхээр үүнийг өөрөөр томъёолоод "хүний эрхийг хангах чиглэлээр" арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан" хэмээлээ.