УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Л.Болд "Миний бие өнгөрсөн 12 дугаар сарын 3-нд УИХ дахь АН-ын бүлгээс, 4-нд АН-аас гарсан. Гарсаны гол шалтгаан бол Монголын ардчиллын баталгаа болж байсан АН УИХ-д 9-хөн суудалтай үлдсэн. Ингэснээрээ УИХ-д бүлэг байгуулж, иргэдийн төлөөллийг хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Гэвч гишүүдийнхээ 3-ыг хөөсөн. Ингэснээр АН бүлэггүй болох аюул нүүрлэсэн. АН гишүүнээ хөөдөг коммунист нам байж яавч болохгүй. Тиймээс би үүнийг эсэргүүцэж, улс төрийн эрсдэлийг өөр дээрээ авч, АН-ын удирдлагуудад сануулга өгч, намаасаа гарсан. 

Чуулган хаахын өмнө АН Ж.Батзандан бид хоёрыг намаасаа хөөж, бүлэггүй болсноо өөрсдөө зарласан. Бид чуулган завсарласан хугацаанд сонгогчид дээрээ очиж тайлангаа тавьсан. Бид цаашид нэр дэвших эрхгүй болсноо хэлж, сонгогчдын саналыг сонссон. Уулзалт бүр дээр маш олон хүн ирж, бидэнд маш ойлгомжтой мэдэгдэл хийсэн.

Сонгогчид маань "Бид Үндсэн хуулийн дагуу УИХ-ын гишүүнээ сонгосон. Сонгосон гишүүдээ дахиж нэр дэвших эсэхийг бид мэднэ. Тиймээс та нар ард түмнийхээ өмнөөс нэр дэвшихийн тулд улс төрийн дараагийн үйл ажиллагаагаа хэрэгжүүл. Бид дэмжинэ" гэж хэлсэн. 

Энэ дагуу өнөөдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 18-нд УИХ-д суудалтай шинэ намыг зарлаж байна. Нам бус гишүүдийн хувьд УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр "Нэгдмэл Монгол" нэртэй шинэ нам байгуулж байна. Энэ нам бол Монголын төлөө цохилох зүрхтэй хэн бүхэнд нээлттэй. Урьж байна" хэмээн мэдэгдлээ.