Бараг сар шахуй үргэлжилсэн Монгол бөхийн холбооны тэргүүний суудлын төлөөх тэмцэл нийгэмд багагүй бухимдал үүсгээд байгаа билээ. Уг асуудлаас болж 30 жилийн түүхтэй бөхийн холбооны хаалгыг хоёр удаа эвдэж, УИХ-ын гишүүн дархан аварга А.Сүхбат дэвжээнд зодоглож явсөн нөхөртэйгээ гар зөрүүлэхэд хүрсэн юм. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас хэрээс хэтэрсэн тус холбооны маргааныг Ерөнхийлөгчид мэдэгдэж, анхаарлаа хандуулахыг хүссэн билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга баасан гаригт бөхчүүдэд хандана маргаанаа шийдэхгүй бол цолыг хураана  хэмээсэн юм. 

Тэгвэл уг асуудал дээр тус бөхчүүд учраа ололцож эхлэв бололтой. Өчигдөр холбооны хоёр тэргүүний нэг гэгдээд буй "Гачуурт"-ын Л.Чинбат "Аваргуудаас надад хүлээлгэсэн үүргийн дагуу талуудыг байлцуулан учир зүйгээ олж шинэ их эеийг хуралдуулж, МҮБХ шинэ тэргүүнээ сонгохоор боллоо. Миний бие дахин нэр дэвшихгүй. Тэвчээр хүлээцтэй хандсан бөхчүүддээ баярлалаа! Эвтэй байя, хүчтэй байя!" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ. Тэрбээр өөрөө нэрээ татаж байгаа учраас нөгөө талаас мөн л бөхийн холбооны тэргүүн гэгдээд буй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тэргүүнээсээ татгалзаж, хурлаа шинээр хийхийг санал болгожээ. 

2018-4-21-нд

Мөн тэрбээр "Энэ олон жил ажиллаж хөдөлмөрлөөд эцэст нь зүдэрлээ зүдэрлээ гэхэд арай ч бөхийн өргөөнд шунаж буяндаа бузар хийхгүй гэдгээ хэлье ээ. Харин би шударга бус юманд үнэн голоосоо дургүй. Өөрсдийгөө хөх тэнгэртэй ижил хэмжээнд өргөмжлөн хуулийн дээр заларч нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг иймэрхүү шударга бус үйлдлүүдтэй бол хэрхэвч эвлэрэхгүй. Энэ бол зарчмын асуудал. Монгол бөх, монгол бөхийн өргөө бүх Монголчуудынх байх ёстой" хэмээн бичжээ.

Харин Б.Бат-Эрдэнэ аварга одоогоор энэ тал дээр байр сууриа хараахан илэрхийлээгүй байна. Юутай ч бөхчүүд эвлэрэх оролдлогыг тамга тэмдэг булаацалдсан эрхмүүд хийж эхэлж байгаад бөх сонирхогчид таатай хандаж байгааг тус мэдэгдлийн доорх сэтгэгдлээс харж болохоор байгаа юм.