Шар манжинг хортой, эрүүл мэндэд муу гэсэн ойлголт монголчуудын дунд тархаад удаж буй. Тэгвэл энэхүү ногоо Европын орнуудад одоо ч хэрэглэгддэг ажээ. 

Энэ талаар ХААДС-ийн багш доктор Л.Даваагаас тодруулга авсан юм. Тэрбээр “Шар манжин бол өндөр шим тэжээлтэй ногоо. Хүний биед ашигтай химийн элемент ихтэй. Тухайлбал 100 гр шар манжинд 30 мг хувь хүртэл С амин дэм, 7 хувь  сахар агуулдаг. Бас кали, кальци, натри, магни, фосфорын эрдэс давс, төмөрөөр баялаг.  Хоол хүнсэнд чанаж шарж хэрэглэхээс гадна дарж давсалж болдогоороо давуу талтай. Ардын уламжлалт анагаах ухаанд үүнийг даралт багасгах зорилгоор нимгэн зүсч гутлынхаа уланд тавьдаг. Шар манжин хүний биед муу гэсэн яриа ор үндэсгүй. Харин хэрэглэхдээ анхаарах ганцхан зүйл бий. Төмсийг усанд хийж хадгалж болдог бол шар манжинд энэ заалт хориотой. Учир нь усанд хийсэн үед нитрит хэмээх бодис ялгардаг байна. Харин шууд арилгаад хоол хүнсэндээ хийвэл харин ч шим тэжээлтэй гол нэрийн ногоо. Халуун оронд ургадаггүй. Хүйтэн сэрүүн оронд ургадаг ургац сайн өгдөг. Хамгийн багадаа нэг га талбайгаас 10 бүр 100 тонн өгөх ч үе байдаг. Бас шар манжин нь хавар, намрын цочир хүйтнийг сайн тэсвэрлэдэг бөгөөд ямар ч хөрсөнд тариалж болдог давуу талтай юм” гэсэн юм.