УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан "ОХУ-аас Монгол улсад танк, зэвсэг өгсөн байна. Үүгээр юу хийх гэж байгаа юм" гэсэн утга бүхий үг хэлсэн. Энэ нь 2 улсын харилцаанд сэв суулгаж, улсын нууцыг задруулахуйц мэдээлэл хэмээн сүүлийн өдрүүдэд цахим хуудас болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй юм.

Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы өчигдрийн хуралдаан дээр болон өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл хийлээ.

Тэрээр "Миний нэр дээр Зэвсэгт хүчний жанжин штабын үүрэг гүйцэтгэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2/4069 тоот “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл хүргүүлж, тайлбар ирүүлснийг хүлээн авч танилцсан.

Хоёр орны зэвсэгт хүчний болон бусад улсын зэвсэгт хүчний хооронд тогтоосон харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлэх зорилгыг би агуулаагүй бөгөөд Улсын нууц, аюулгүй байдалд нөлөөлөх үг хэлээгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье.

Айлчлалын үеэр “ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд оролцоно” гэсэн мэдээлэл болон “ОХУ-аас Монгол Улсад 20 танк бэлэглэв” гэсэн гарчигтай сайтуудад гарсан мэдээллүүд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байсан боловч нэг өдөр цахим сүлжээнд давхацсан нь намайг ийм асуулт асуухад нөлөөлсөн. Энэ талаар миний бие УИХ-ын чуулганы хуралдааны үеэр залруулгыг хийх болно гэдгээ үүгээр илэрхийлж байна.

Мөн тухайн үед үг хэлж, байр сууриа илэрхийлэхэд хүргэсэн хүчин зүйл болох Цэргийн болон цагдаагийн алба хаагчид улс төрийн зорилгоор Монгол Улсын ерөнхий сайдад санал тавьж уулзалт хийсэн нь Зэвсэгт хүчний тухай хуулийн 17.2-т зааснаар “Зэвсэгт хүчинд цэргийн алба хаагч болон хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаа иргэн улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, Цагдаагийн албаны тухай хуулийн 5.1-т зааснаар “Цагдаагийн алба хаагч үйл ажиллагаандаа улс төрөөс ангид байх зарчмыг баримтлана”, мөн хуулийн 69.1.8-д “цагдаагийн албан хаагч нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байж болзошгүй байна.

Иймд цэрэг, цагдаагийн алба хаагчид улстөрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон хуулийн заалтыг мөрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар холбогдох байгууллагууд анхааралдаа авч ажиллах нь зүйтэй" хэмээв.