“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг” Төрийн ордонд болж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан дээрх хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийлээ. 

Тэрээр "Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгуулага бол Улсын Их Хурал бөгөөд Улсын Их Хурлын гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно, Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно, нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж тус тус заасан. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг, түүнчлэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох журмыг хуулиар тогтооно гэж зааснаас үзэхэд гурван өөр субьектийг сонгох сонгуулийн хуулиуд нь зайлшгүй тус тусдаа байх шаардлагатайг илэрхийлж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь тус тусдаа зохион байгуулалтын онцлог шинж чанартай, процессын үйл ажиллагаатай. Ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг.

Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, зарим харилцаанд хуулийн зохицуулалт орхигдсон зэргээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж байна.

Иймээс Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 195 тоот захирамжаар байгууагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн ерөнхий зарчмыг баримтлан боловсруулсан. Ингэхдээ сонгууль тус бүрийн онцлогийг тусгаж өгсөн.

Мөн төслүүдийг боловсруулахдаа сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллагууд болох Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын мэргэжлийн төлөөллүүдийг оролцуулсан дэд ажлын хэсгийг байгуулан саналыг нь авч сонгууль зохион байгуулахад гардаг хүндрэл, бэрхшээлтэй асуудлуудтай холбоотой зохион байгуулалтын шинжтэй зохицуулалтуудыг төсөлд тусгаад байна.

Ажлын хэсгээс дээр дурдсан гурван хуулийн төсөлд санал авахаар улс төрийн 28 нам, 16 төрийн байгууллага, 9 төрийн бус байгууллагад 2018 оны 9 сарын 12-ны өдөр урьдчилан хүргүүлсэн. Одоогийн байдлаар улс төрийн 8 нам, төрийн 8 байгууллага, төрийн бус хоёр байгууллага хуулийн төслүүдэд холбогдох саналаа ирүүлээд байгаа"-г хэллээ.