УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар өчигдөр мэдээлэл хийж, улсын нууцад авсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн талаарх ОУПХ-ны дүгнэлтийг нууцаас гаргаж буйгаа мэдэгдсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "ОУПХ-ны дүгнэлт зөвлөмж бүхий энэ албан бичиг есдүгээр сарын 6-нд манай Түр хорооны гишүүдэд ирсэн байна. Гэтэл УИХ-ын Гадаад харилцаа харицсан хэлтсийнхэн бүтэн сар биднээс нуужээ. Улмаар нийтэд үзүүлэхгүй байх зорилгоор Улсын Нууц гэсэн тамга дарсан байна. Тус хэлтсийн дарга 3 хоногийн өмнө солигдож, шинэ дарга ажлаа хүлээж авснаар энэ бичиг бидний гар дээр ирлээ. Улсын нууцад авсан энэ бичгийг бид задаллаа. Үүнийхээ хариуд шоронд явах ёстой бол явъя" хэмээн мэдэгдсэн юм. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/

Харин УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр тус асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Өчигдөр манай нэр бүхий 3 гишүүн мэдээлэл хийсэн. Энэ талаар үнэн зөв мэдээлэл өгье. Одоо бүгдээрээ ажлаа хийе, улстөржихөө, попрохоо болъё. УИХ тусдаа Түр хороо байгуулсан. Энэ Түр хороо ажлаа хийх ёстой. ОУПХ-ноос есдүгээр сарын 6-нд ирүүлсэн тус бичгийг 12 хүн имэйлээр авсан. Ж.Батзандан гишүүн таны имэйлд ч ирсэн байгаа. Та имэйлээ шалгаж бай. Үүнийг орчуулах ажил есдүгээр сарын 7-нд эхэлсэн байна.

Л.Болд гишүүн та УИХ-д зургаан удаа сонгогдсон, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд хийж байсан хүн. Асуудалд иймэрхий байдлаар ханддагаа боль. Та одоо жаахан тавьтартай бай. Өчигдрийн та нарын ярьсан яриагаар "УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргыг халж, шинэ дарга томилогдсоноор дарагдаж байсан бичиг баримт ил боллоо" гэж байна. Ийм худал мэдүүлэг хийхээ боль. 

Сүүлдээ бүр ОУПХ-ны нэрийг барьчихаад, ирүүлсэн зөвлөмжийн есдүгээр зүйл дээр "Энэ сарын 4-ны дотор хариу өгөхгүй бол холбогдох хүмүүст хариуцлага тооцно" гэсэн заалт байна гэж худлаа ярих юм. Надад ОУПХ-ноос ирүүлсэн 71 санал зөвлөмж бүхий бичиг англи, монгол хэл дээр байна. Тийм үг үсэг алга. 

Харин тус зөвлөмжийн 71 дэх зүйлд "С.Зоригийн хэргийг улстөрийн хөтөлбөртөө ахиц гаргах  зорилгоор ашиглахгүй байхыг дахин зөвлөж байна" гэсэн байна. УИХ Түр хороо байгуулсан одоо та нар ажлаа хий. ОУПХ-ны нэрийг барьж битгий худлаа ярь. ОУПХ-ны зөвлөмжид байхгүй зүйлийг байгаа юм шиг хэвлэлийн хурал хийхээ боль. Би Ж.Батзандан гишүүнээс илүү Л.Болд гишүүнд гомдож байна. Та УИХ-д 6 удаа сонгогдсон хүн шүү" хэмээлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, өнөөдөр хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор гишүүд үг хэлж байна.

Өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэх товтой.