Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногуудад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын дүнг өнөөдөр танилцуулж, тус газарт уурхай эрхлэгчидтэй уулзалт хийлээ.

"Налайх дүүрэг дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 аж ахуйн нэгжийн 22 тусгай зөвшөөрөлд Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор 4 хяналтын чиглэлийн 11 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Шалгалтаар 9 тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн талбай 41,3 га эвдэгдсэн ба Сүмбэрхудаг ХХК, Таван шүтээн ХХК, Хэлтрэгэ ХХК-уудын талбайд 9 нөхөрлөлийн 83 ам цоногт 590 иргэн нүүрс олборлож байна.

Дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчидийн 12 ААН нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш газрын хэвлийг 3-аас дээш жил ашиглаагүй нь, 9 ААН нь байгаль орчныг хамгаалах эрх үүргээ биелүүлээгүй байгаа нь Байгаль хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийг, 20 тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН нь уурхай дээрх эрхзүйн бичиг баримтгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй байгаа нь Ашигт малтмалын тухай 35 дугаар зүйлийн 35.3, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсгийг, газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дах хэсгүүдийг, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу байгуулсан гурвалсан гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцах эзнийг зааж өгөөгүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн байна.

Дээрх зөрчлүүд арилахгүй байгаа нь дараах нөхцөл байдлыг үүсгээд байна. Үүнд:

-Бичил уурхай нэрээр нүүрс олборлож, ашиглаж байгаль орчныг доройтуулж, газрыг эвдрэлд оруулж 83 ам цооног гаргаснаас хог хаягдал цугларч, хөрсний бохирдол үүсч, шаталтаас үүссэн угаарын хий ам цооногоор гадагш алдагдаж агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, иргэдийн хашаанд, нийтийн эзэмшлийн зам талбайд хөрсний цөмрөл үүссэн.

-Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу байгуулсан гурвалсан гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцах эзнийг заагаагүй, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар нь гэрээний хэрэгжилтэд хяналт тавихгүй, гэрээг хууль журмын дагуу байгуулаагүйн улмаас осолд орсон иргэдэд олгох тэтгэмж, нөхөн олговор олгох боломжгүй болж буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага тооцогдохгүй хүний амь нас эрсэдсээр байна.

Тухайлбал, Налайх дүүрэг дэх нүүрс олборлолтын улмаас нийт сүүлийн 10 жилд уурхайн осол 137 удаа гарч 274 хүн аврагдаж, 126 хүний амь нас эрсэдсэн.

Дээрх зөрчлүүдийг арилгах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах арга хэмжээг авч ажилласан:

  • Улсын байцаагчийн албан шаардлага давхардсан тоогоор 50,
  • Үйл ажиллагааг зогсоох улсын байцаагчийн акт 28,
  • Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, цуцлуулах улсын /ахлах/ байцаагчийн дүгнэлт 44-г үйлдэж, 53 сая 850.0 мян.төг-ийн торгуулийн арга хэмжээ авч,
  • Хууль бусаар олборлолт хийж байсан иргэдийн 32 ам цооногийн үйл ажиллагааг зогсоож, эрүүгийн хариуцлага тооцуулахаар Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлээд байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Мэдээллийн үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун уурхай эрхлэгчдэд хандаж, "Ард түмний ажлыг дэнчин болгодогоо одоо зогсоо. Өөрсдөө хууль бус үйл ажиллагаа явуулчихаад, үүнийг нь хуулиар таслан зогсоох гэхээр бидний ард иргэдийн амьдрал ядуу байна гэж ярьдагаа одоо боль. Та бүхэн нөхөрлөл, гэрээ байгуулж ажиллахдаа хамгийн түрүүнд хүнийхээ төлөө анхаарч, ажиллах орчин, аюулгүй байдлыг нь хангах ёстой. 

Цооног рүү иргэдийг оруулж ажиллуулахдаа өдөрт 20.000 төгрөгийн л цалин өгч байна. Энэ 20.000 төгрөгийн төлөө амь насаа дэнчин тавьж орж буй хүмүүсийн ард үр хүүхэд, гэр бүл гэж бий. Иргэдийн амьдрал ядуу байна гэж өөрсдийгөө хаацайлж, хууль бус үйл ажиллагаа явуулдагаа болих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Налайхад гарсан ослын тоо нэмэгдэж буй болохоос айл өрхүүдийн амьдрал сайжирсан зүйл алга" хэмээлээ.