2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. 

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийв. 

Мэдээллийн үеэр тус төвийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат "Энэ жил ойролцоогоор 39.000 мянга орчим суралцагч ЭЕШ-д хамрагдана хэмээн урьдчилан тооцож байна. Сурагчид байгаа газраасаа цахимаар бүртгүүлэх боломжтой бөгөөд өөрийн гэсэн мэйл хаягтай байх нь чухал байна. Учир нь тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн мэйл хаягаар ЭЕШ-тэй холбоотой мэдээ мэдээллийг явуулж байхаар зохион байгуулан ажиллаж байгаа.

ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг өгсөн байх шаардлагатай. Уг шалгалтын босго оноог давсан тохиолдолд ЭЕШ өгөх эрх нь нээгддэг зарчимтай. Шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. 

Суралцагчид хичээл сонголтоо зөв хийгээд, сонгосон хичээлийнхээ дагуу шалгалтдаа бэлтгэх үйл явцад нь зориулж ЭЕШ-ын мэдээ мэдээллүүдийг нэгдсэн байдлаар хүргэхийн тулд help.eec.mn сайтыг ашиглалтад оруулан ажиллуулж байна. Уг сайтад аль ч үүрэн телефоны оператор хандсан дата, нэгж унахгүй давуу талтай. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс чатботыг нэвтрүүлж байгаа. 

Шалгалтын хураамж нэг хичээл бүр 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт заавал бүртгүүлэгчийн нэр дээр байх шаардлагагүй.

Энэ жил орос хэл, англи хэл, монгол хэлний шалгалтууд дээр сонсох чадварын даалгавар оруулахгүй. Тест, нөхөх зэрэг өөр төрлийн даалгавраар орлуулан зохион байгуулна.

Монгол хэл, бичгийн шалгалтыг тавдугаар сард, ЭЕШ-ыг зургадугаар сарын дундуур зохион байгуулах төлөвлөгөөтэй байна" хэмээлээ.

Бүртгэл дөрөвдүгээр сарын 20-нд дуусах ба бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй. Иймд шалгуулагчид амжиж бүртгүүлэх шаардлагатайг анхаарууллаа. 

ЭЕШ-д бүртгүүлэх бол Энд дарна уу.


Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.