Шувууны Жагай хэмээн шувуу судлаачид, гэрэл зурагчдын дунд танил болсон Л.Жаргалсайхантай ярилцлаа. Гадаад харилцааны мэргэжилтэй тэрээр олон жил Гадаад харилцааны яаманд, сүүлийн 20-иод уул уурхайн компанид ажиллажээ. Хожуу шувуудтай “нөхөрлөсөн” түүнтэй шувуу гэгч амьтны сонин сайхны талаар хөөрөлдлөө. Тэр уурхайн нөхөн сэргээлтэд ажиллаж байхдаа шувууны зургийг авч эхэлсэн гэнэ.

-Шувуу харж ажиглах нь танд юу өгдөг юм бэ, та юуг нь илүү ажигладаг вэ?

-Тэд хоорондоо муудалцана, тоглоно, өрсөлдөнө гээд сонирхолтой зан үйл гаргадаг. Жишээ нь энэ зургийг ажиглаарай. Модны мөчир дээр сууж байгаа хоёр шувууг Шивэр энхэт бялзуухай гэдэг. Нэг нь мөчир дээрээс доошоо тонгойж ус уудаг юмсанж. Өөд өөдөөсөө уурлаж байгаа нь суудлаа булаацалдаж байгаа хэрэг. 

Суух мөчрөө булаалдаж буй шувууд

Шувуудыг бас зүгээр л ажиглаад зураг буулгаад байдаггүй.Тэднийг судлана, уншина, бас зургийг нь сайхан буулгахын тулд гэрэл зургийн камер, дурангаа яаж ашиглах вэ гэдгийг сурдаг. Шувууны зураг авна гэдэг стресс тайлахаас гадна мэдлэг боловсролоо ч дээшлүүлэх, танин мэдэх их боломж байгаа биз. Шувуу судлахаар түүний амьдрах орчин нуур ус, мод ургамал бүхнийг таниж мэдэхээс өөр аргагүй. Хэрвээ ой мод, нууранд ямар нэгэн чимээ авиагүй, амьд амьтан байхгүй бол уйтгартай биз дээ. 


-Шувуу тун амархан үргэчихдэг амьтан. Үргээхгүйгээр гоё кадрууд буулгах хэцүү ажил байж таарна?

-Шувууны зураг авах хүнд бэрх боловч өндөр сорилттой төрлийн нэг. Хөдлөхгүйгээр маш удаан тэвчээртэйгээр хүлээх болдог, дараа үргээлгүй ойртох хэрэгтэй. Шувуу болгон өөрийн аюулгүй орон зайтай. Жижиг шувууных 5-10 метр, том шувууд болох бүргэд, тас, ёл айж үргэх нь арай бага, аюулгүйн зай нь 20-30 метр байдаг гэнэ лээ. 


-Монголд хэд орчим шувуу байдаг вэ, та хэдэн шувууны зураг авсан бол?

-Манай оронд 480 гаруй шувууд бүртгэгдсэн байдаг. Тоймлон хэлвэл тэдгээрийн 80-аад суурин шувуу, зусч үрждэг 200-300 нь нүүдлийн шувуу, зарим нь Монголоор зөвхөн дайран өнгөрдөг, дээр нь тохиолдлоор буюу төөрөөд, салхинд туугдаад орж ирсэн шувуууд бас бий . Би одоогоор 350 гаруй шувууны сайн, муу зураг авчихаад байгаа. 


-Шувуутай холбоотой сонин түүхээсээ хуваалцаач. Монголд Ягаан нал буюу Фламинго ирж байсан гэж дуулсан?

-Шувуу судлаачдын хэлж буйгаар өмнө нь 4-5 удаа манайд бүртгэгдсэн байдаг юм билээ. Шувуу судлаач Ариунбаатар, Түвшинтөгс хоёр маань судалгаагаар явж байхдаа Архангайд Ягаан нал хараад над руу залгаж хэл дуулгасан. Хоёр жилийн өмнө л дөө. Би ч шөнөжин давхиад маргааш өглөө нь очиж зураг авч байлаа. Хөөрхөн нь ижлээсээ төөрсөн тэр амьтан тувт хунгийн сүрэг бараадаастай. 

Нил ягаан буюу Фламинго

Хун усан дээр хөвж байгаад урт хүзүүгээрээ ус руу шунгаж хоол тэжээлээ олдог бол Ягаан нал урт хөл дээрээ явж дээд хутгууран хошуугаараа усны бичил амьтныг шүүж иднэ. Хөвж яваа хунгуудын дунд тэр урт хөлөөрөө овс овсхийн алхалдаг нь инээдтэй харагддаг юм билээ. Зугаатай нь хун шувууд түүн рүү ихэд гайхширч хараад л илэрхий хүнийрхэж байгаа юм. Гудамжинд этгээд гаж хувцасласан хүн рүү хүмүүс яаж хардаг билээ, яг л тэр л харцаар./инээв/

Ижлээсээ төөрч Монголд саатсан Фламинго

Идлэг шонхор хүн ойртохоор дургүйцэж байгаагаа, нислээ гэдгээ илэрхийлдэг. Хэрвээ толгойгоо үе үе тонгосхийлгээд уурлаж байгаагаа илэрхийлэх ч юм уу. Ийм үед бага багаар ташуулдаж алхаж зогссоор ойртож зураг авдаг. Нэг удаа шонхрын зураг авч байгаад 7-8 метр ойрхон дөхөөд оччихлоо. Ер тоосон шинжгүй шүү. Гэмтэж шархадсан юм болов уу гээд алхаад очтол хэвтээд өгсөн. Очтол дөнгөж нисч эхэлж байгаа гэнэн залуу шонхор байж. Бас хэт их идээд  цадчихсан бололтой. 

Залуу гэнэн идлэг шонхор

Хунг үнэнч гэдэг. Энэ бол хүмүүсийн аман яриа. Сахалт хөхбух амьдралдаа нэг удаа хосоо сонгодог. Үржлийн үедээ эр нь маш гоё өнгө зүстэй болж, дуулж бүжиглэдэг үүгээр зогсохгүй маш халамжтай эцэг гэж амьтан судлаачид бичсэн байдаг. Төө хүрэхгүй энэ бяцхан, шаламгай шувуухай манай өвлийн хүйтэнд олноор үрэгдэх боловч үржил сайтай. Зун нуурын зэгсээр ирж суурьшаад зэгсний дунд үүрээ барьдаг юм.

Хайр дурлалдаа үнэнч Хөх бух


-Шувуу ер нь хэр ухаалаг амьтан бэ, ажиглаж байхад ухаалаг зан төрх гаргадаг уу?

-Хүн өөрийгөө хамгийн ухаантай гэж боддог. Гэтэл тэд нарыг бид мэдэхгүй.  Одоогийн ухаалаг хүн Хомосапиенс 300 мянган жилийн өмнө үүссэн гэдэг. Гэтэл шувуу 120-150 сая жилийн өмнө үүссэн. Энэ олон сая жилийн хөгжил, байгалийн эволюцийн явц түүнийг төгс болгосон гэж би боддог. Бүх шувууд өөрийн амьдрах орон зайтай. Хэрээний овгийн шувууд гэхэд маш ухаалаг байдаг гэсэн судалгаа уншиж байсан. Идэш тэжээлээ олж байгаа хэлбэр нь тун овжин сэргэлэн амьтан шүү. Тэр тасыг дагаж хоолоо иддэг. Сэг зэмийн бараанаар хэрээ, шаазгай дараа нь том шувууд ирдэг. Идэш тэжээлээ ч хамгийн түрүүлж олно. Хөдөө хээр цайлаад босоход хэрээ л хамгийн түрүүнд ирдэг шүү дээ. Чоныг бас хэрээ үргэлж дагаж явдаг гэдэг дээ. Тэгэхээр тэр яах аргагүй амьдрах аргаа олчихсон амьтан. 

Хэрээ тасыг явж хоолоо идье гэж дуудаж байгаа нь

-Тэгвэл үр төлөө хамгийн сайн хамгаалдаг нь ямар шувуу бол?

-Шувуу үр төлөө гайхалтай хамгаалж чаддаг. Миний мэдэхээр 5-6 арга хэрэглэдэг. Хэрвээ тогорууны дэгдээхэйг тусгаарлачихвал авах гэж янз бүрээр үзнэ. Эхлээд нисч тойроод чанга дуугардаг. Болохгүй бол далавчаа чирээд мөлхөж жүжиглэнэ. Тэр нь би шархадчихлаа гэж дүр эсгэж байгаа хэрэг. Араатан амьтад ийм үед шууд түүн рүү дайрч таарна. Тэгээд ойртох гэвэл жаахан холдож ниссээр дайснаа холдуулдаг. Эсвэл бүх өдөө өрвийлгөөд үнэгэн шогшоогоор явна. Энэ нь бас л дэгдээхэйнээсээ амьтныг холдуулж анхаарлыг нь сарниулж байгаа хэлбэр. Эсвэл далавчаа дэлгэж том болгоод айлгах гээд янз бүрийн арга заль хэрэглэдэг. 

Бүжиглэн тоглож буй хос тогоруу

Монголчууд ангирыг лам шувуу гэдэг. Улбар шар өнгө орсон болохоор нь тэгж нэрлэсэн болов уу. Эрэгчин нь зөвхөн эмэгчингээ ангаахай дэгдээхийгээ хамгаалдаг. Аюулыг мэдрэхээрээ хамгийн түрүүн орилж хашгирч, ойр ойрхон нисч буудаг. Үүргээ биелүүлж бусдыг сатааруулж байгаа нь тэр. Тэр хооронд нөгөөдүүл нь дайжиж оддог. Тэгэхээр тэд ухаалаг байгаа биз. 

-Шувууг дагаж хэр олон газар нутгаар аялсан бэ?

-Би Баян Өлгийгөөс бусад бүх аймгаар очиж үзсэн. Шувуу л сонирхдог болохоор тэр юм уу байгалийн гоё үзэсгэлэнт газрыг тэр бүр анзаардаггүй дутагдалтай. Хүн сонирхдог юмандаа л анхаарал хандуулдаг гэдэг тэр байх. Тэр авсан зургуудаа 2 жилд нэг удаа эмхэтгээд шувууны зургийн цомог гаргадаг. Одоо 4 ном гаргачихаад байгаа.

Ингээд хэдэн цаг ч зогсч магадгүй

-Таны анзаарснаар хамгийн их шувуутай газар?

-Говийн бүрд шандуудад нүүдлийн үеэр шувууд ихээр цугладаг. Говиор нисч яваа ихэнх шувууд горхи ус бараадангаа амарч байгаа нь тэр. Дорнодын нуурууд бас шувууд ихтэй. Баруун тийшээ Ховдын Хар ус нуур байна. 


-Шувууд эхнээсээ ирээд эхэлчихсэн. Тэр холоос ирж байгаа шувууд хэр ядардаг бол, та анзаарсан уу?

-Хамгийн хол нь хаа байсан Австрали, Шинэ Зеландаас, ойрхон нь Хятад Японоос ирдэг.  Андашгүй ядарсан нь илт анзаарагдана. Тэр үед нь хамаагүй ойртож үргээмээргүй, өрөвдмөөр. Шувуу судлаач Ганхуяг гээд найз маань холоос ирсэн хоёр хараацайн зураг хөөрхөн зураг авчихсан байсныг харсан юм. Тэр хоёр хоёулаа тавцан дээр буугаад нэгнээ түшээд хүзүү нь гилжийгээд унтчихсан. Ер нь жижиг шувууд нэлээн ядардаг байх.



-Тийм их ядарч туйлдан байж энд зусах гэж ирсэн жигүүртнийг манайхан сүүлийн үед бас л хайр гамгүй агнаж байна. Ялангуяа мухар сүсгийн үүднээс. Танд хэр анзаарагддаг вэ?

-Манайхан зах зээлд орсноос хойш зэрлэг амьтан, шувуунд дэндүү хүнийрхүү сэтгэлээр хандаж байна. Маш олон шувууг агнаж алж байна. Уг нь үүнийг хуучны сайхан зан заншилдаа ямар сайхнаар тусгаж хамгаалж ирлээ дээ. Гэтэл орчин үед мухар сүсэг, бөөгийн шашны балгаар хайр найргүй агнаж байна. Жишээ нь ууль шувууны өд сөдийг бөөгийн зан үйлд ашиглах зорилгоор агнадаг.  Сүүлд сарьсан багваахайн үүр зарна гэсэн сургаар бас л бөөн юм боллоо.

Уран шувуу гоёмсог үүрээ урлаж байгаа нь

Уран шувууны үүрийг гэхэд хүмүүс гэртээ тавьбал сайн гээд авчихдаг. Гэтэл гадаадад хийсэн судалгаагаар уран шувуу буцаж ирээд хуучин үүрнийхээ ойролцоо шинэ үүр барьдаг гэж уншсан. Уран шувуу үүрээ барихдаа хуучин үүрнийхээ олсны ургамлаас авдаг, үүрээрээ баримжаалдаг бололтой.

-Ингэхэд хотын төв хэр олон шувуутай вэ?

-Хотын төв, Төрийн ордны хойд талын цэцэрлэг, Гутлын 22-ын цэцэрлэгт ямар гоё шувууд ирдэг байсан гээч. Одоо ногоон байгууламж муутайгаас багассан. Гэхдээ анзаарвал 30-аад төрлийн шувуу хотод бий. Өвөлдөө манай тагт дээр Их хөх бух, Номин хөх бух, Өрний тоншголжин, ойролцоо модоор Энхэтбялзуухай, Сар, Шаазгай гээд харагдана аа.

Энэ өвөл хотод нэлээн өвөлжсөн Эгэл зана (Pyrrhula pyrrhula)

-Биднийг бага байхад хавар болгон шувуунд үүр хийнэ гэж ажил байж билээ. Шувуугаа бид яаж хайрлах ёстой юм бэ?

-Ноднин хавар баахан Хуруут хун ангачихсан байхад говийн нэг уурхайн залуучууд усны машинаар ус зөөгөөд багахан цөөрөм үүсгэж, ундаалж байгаа мэдээ харсан,тун сайхан санагдсан. Шинэ авто зогсоолын тэнд Хун нуур гээд карьерийн ус бий. Тэр орчмыг НБХГ, шувуу сонирхогчид нийлээд цэвэрлэдэг. Саяхан очоод ирлээ. Үнэхээр харамсмаар, тэр чигээрээ хог байсан, дотор нь малын үхсэн сэг, шар айрагны шил гээд бүх төрлийн хог байсныг цэвэрлэсэн байна лээ. Монголын шувуу хамгаалах төв гэж судлаач залуусын байгуулсан ТББ бий. Тэд маань шувууны үүр хийхийг хүүхдүүдэд заагаад хамт очиж байрлуулдаг. Шувууг хайрлана, хамгаална гэдэг бол ядахдаа хог хаяхгүй, мод бут тарьж ургуулахыг хэлэх байх даа. 

-Ач зээ нарыгаа дагуулж шувуу нүдлүүлдэг үү?

-Хоёр зээ маань Германд амьдардаг. Шувуу сонирхдог. Шувуу хооллож байхад ирсэн хэдэн шувууны нэрийг хэдийнэ тогтоочихсон. Тэнд шувуу хооллодог, надад шувууны үүр өгч явуулдаг улс бий. /инээв/ Шувуу сонирхож судладаг хүүхэд байгальд  хайртай хүн болж өсдөг. Мэдээж  судлаач болох албагүй. Шувуу судалдаг хүн ядаж дээшээ хардаг байхгүй юу. Хотын төвд шувуу харагдахгүй л гэдэг. Гэтэл ажиглаад харвал олон шувуу бий дээ.


Өгий нуур хүн бүхний зорьж очдог газар болчихсонд Л.Жаргалсайхан гуай харамсдаг гэлээ. Тэнд ховор төрлийн хэд хэдэн шувууд ирж зусдаг байж. Гэтэл нуурын эрэг сайраа хүнд булаалгачихсан шувууд хэдийнэ дайжиж эхэлсэн гэнэ. Үүнээс болж тэнд очсон хүн болгон шувуу олж харахад хэцүү болсон байна. Учир нь хүмүүс нэг удаа амраад явахаа бодохоос биш тэндэхийн эзэн амьтдыг үл ойшоодог  ажээ.

Тэрбээр энэ тухай “Хүн хүний сонирхол өөр. Бусдын сонирхол хообийг хүндлэлгүй яахав. Гэхдээ бодолцох зүйл бий. Дарьгангын Зэгст нууранд очоод шувуу ажиглаад сууж байтал бөөн машинтай хүмүүс ирээд архи уугаад дуулалдаад явчихсан. Магадгүй тэр дуугаа хотод караоэкэд хаана ч дуулж болно шүү дээ. Түүний оронд Монголд цөөхөн харагддаг ховор шувууг харах сайхан биш гэж үү. Тэр сайхан газар байгалийг үзэж харахгүйгээр архи уухаар л ирсэн юм гэж үү  гэж бодогдсон. Үлдээсэн зүйл нь баахан хог. Тэрхийн цагаан нуур бас л адилхан. Арваад жилийн өмнө ямар сайхан байлаа. Өнгөрсөн зун очиход эрэг нь тэр чигээрээ хог. Сайхан шувууны зураг авлаа ч цаана ч усны сав хэвтэж байвал ямар харагдах вэ дээ. Байгаль хамгаалагч, байгальд элэгтэй хэдэн хүмүүс тэдний хаяад явсан хогийг цэвэрлэж барах уу.” гэсэн юм. 

Хобби нэгт нөхөдтэйгээ
Сүүлийн үед манай малчид нуур ус, булаг усныхаа эхийг тойроод зусчихдаг болсон ажээ. Энэ нь угийн гандаж байгаа дээр улам нэмэр болчихдог гэнэ. Хуучны хөгшчүүдийн тийшээ л малаа бэлчээдэггүй юм, голын эх гэсэн үгсийг одооны бид мартчихжээ хэмээв. Харин одоо хамгийн найдвартай байгаль хамгаалагч нар нь зэгс тойрсон шумуул л болж дээ. Байгаль өөрөө өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр хэмээн тэр ярьсан юм.

Шувуу хотжилт байгаль экологийн аюулыг хамгийн хурдан мэдэрч байгаа амьтдын нэг. Хамгийн энгийн жишээ гэхэд тэр шилэн барилгыг тэнгэрээс ялгаж хардаггүй. Тиймээс нүүдлийн үеэр мөргөж үхэх тохиолдол цөөнгүй гардаг гэв. Өнгөрсөн намар гэхэд МУИС-ийн номын сангийн шилэн барилгыг мөргөж буурал хомноот шувууд хэд хэдээрээ үхжээ. Бас утаанаас болоод хотын шувууд өнгө муутай байхад хөдөөний шувууд өнгөлөг байдаг гэж ярьсан юм.