Гложекс консалтинг” компанийн ерөнхий захирал, эдийн засагч, судлаач  Л.Наранбаатар “Төлөөс” лекцээ хүргэж өнөөг хүртэл бид юун дээр алдав, цаашид юуг алдаж болох вэ, ерөөсөө бидний сонголт, шийдвэр бүхэн төлөөстэйг сануулж эдийн засгийн тооцоо үндэслэлтэй шийдлүүдээ танилцууллаа. 

Тэрбээр 11 дүгээр сарын 29-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Д.Занданшатар Салхитын мөнгөний ордод явуулсан гүйцэтгэх ажиллагааг буруутгасан. Учир нь ашигт малтмалын лицензийг татварын маргаантай асуудлаар цуцлана гэдэг гадны хөрөнгө оруулагч нарт нуруугаа харуулсан үйл явдал болсон. Энэ нь өнөөдөр Салхитын мөнгөний орд дээр яригдаж байгаа боловч Асгатын мөнгөний орд, Таван толгой бүр цаашлаад Оюутолгой дээр ч яригдах боломжтой гэсэн эмзэглэлийг гадныханд төрүүлчихсэн гэлээ. 

Үнэндээ манай улс асар их баялагтай, мөнгөн дүнгээр хэмжвэл 4,5 их наяд ам долларын үнэлгээтэй атлаа нэг хүнд ноогдох өр нь 17,3 сая төгрөг, бизнесийн орчны муудаж 12 байраар ухарсан, авлигалын индексээрээ 195 орноос 103 дугаар байрт эрэмблэгдсэн, аз жаргалын индексээрээ 140 орноос сүүлээсээ 5 дугаар байрт орсон, жилд 13-15 мянган хүн гадаадын иргэн болдог гээд судалгааг дурьдлаа. 

Тухайлбал Эрдэнэс тавантолгой ХХК, төмөр замгүй, дэд бүтэцгүйгээр 2011 оноос хойш 24 сая тонн нүүрс зарсан. Цаашид яг энэ менежментээр аваад явбал 30 доллараас бага өртөгтэйгээр олборлож болох нөөц нь 120-хон сая тонн. Ингээд үзвэл УИХ-ын 2 удаагийн сонгууль болоод өнгөрөхөд л үндсэндээ эдийн засгийн үр ашигаа өгөх нөөц нь дуусахаар байгааг уул уурхайн инженер, эдийн засагчдын тооцоогоор гаргачихсан гэв. Хэрэв төмөр зам тавьчихвал тээврийн зардлыг 30 доллараар бууруулна, иргэд ч 68 жилийн турш 1072 ширхэг хувьцааныхаа хувийг хүртээд явах боломжтой. Гэхдээ өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй нь улс төрчид идэж уудаг, тэдний буруу шийдвэрээс гацаанд орчихсонтой холбон тайлбарлалаа. 

Тухайлбал Таван толгойн ордоос Гашуун сухайт боомт хүртэл 250 км төмөр замын ажлыг Х.Баттулга болон түүний нөхөд гацааснаас болж Монгол улс 10 тэрбум ам долларын экспортын орлого боломжоо алдсан. Энэ бол 250 мянган айл өрхийг бүгдийг нь улсаас үнэ төлбөргүйгээр орон сууцанд оруулчихаар хэмжээний мөнгө. Энэ бол увайгүй улс төрчдийг сонгосон төлөөсийг нь бид эрүүл  мэндээрээ, эдийн засгаараа, амьдралаараа төлж байна.

Хэрэв улс төрчид энэ байдлаараа попорч улс төр хийсээр байвал бидэнд өнөөгийн Венесуэль, Зимбабве, 1932 оны Гитлерийн Германы нөхцөл байдалд ороход ойрхон байгааг ч эдийн засагч Л.Наранбаатар санууллаа.

“Өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэвэл Бид Венесуэль, Зимбабвегийн араас явж байгаа. Венесуэлийн удирдагч Уго Чавес гэхэд 1978 онд тухай үед ашигт малтмалын лицензийг нь хурааж аваад, ард түмэндээ үнэгүй байр орон сууц өгч өрийг нь тэглэнэ, байгалийн баялгийнхаа үр шимийг хүрт гээд уриалчихсан. Өнөөгийн зарим улс төрчдийн ярьдаг зүйлийг шүү дээ. Энэ үгээрээ ерөнхийлөгчийн сонгуульд маш олон хүний саналыг авч чадсан. Өв залгамжлагч нь Мадуро, Уго Чавесийн баруун гар нь байсан, боловсролгүй хүн. Өнөөдөр гэхэд энэ улсын Засгийн газрын өр нь ДНБ-ий 160 хувьтай тэнцчихсэн,нэг доллар 248 мянган боливартай тэнцэж байна. Аргагүйдэж ерөнхийлөгч нь туулай тэжээж идэхийг зөвлөсөн, тэгсэн хэрнээ өөрөө гадаад орноор аялж тансаглаж амьдардаг.  Зимбамвэ ч ялгаагүй. Өнөөдөр эдийн засгийн сул дорой байдлаасаа, гадаад дотоод хөрөнгө оруулалт бизнесээ дэмжээгүйгээс болоод мөнгөн тэмдэгтээ юан болгочихсон. Энэ бол харин бодит аюул, эдийн засгийн бодлого бол тусгаар тогтнолын баталгаа юм. Бид ийм нөхцөл байдлын суурийг тавиад явж байгаа нь судалгаагаар харагдаж байна. Гэтэл дэлхий хаашаа явж байна. Элон Макс сансарын аялал ярьж, муу хэлээд байгаа хятадууд хүний толгой шилжүүлэн суулгах мэс засал хийж байна. Ард түмнээ ийм ядуу амьдруулчихаад яагаад тэдэндээ хайрлагдаад амьдраад байгаа юм бэ гэж үү. Ганц л нууц байгаа. Ард түмнийг нийтээр нь нэг дайсантай болгочихдог. Венесуэльчуудын хувьд тэр нь Америк байж. Ингэж сэтгэл санааг нь ховсдохгүй бол өөрөө “янзлуулчихна”. Өнөөдөр монгол ч ялгаагүй, Хятад гэдэг дайсантай, тэд л биднийг эзлэх гээд байгаа юм шиг ойлголт төрүүлж байна. Төмөр зам барьчихвал Хятадууд орж ирээд суурьшчихна, байгалийн баялагаа хямдхан өгчихнө гэж ярьдаг. Гэтэл хамгийн хямдханаар гоожуулууд сууж байгаа нь төрийн өмчит компаниуд. 200 долларын үнэтэй нүүрсийг төрийн өмчит компаниуд 60-70 доллараар зараад, хувийн хэвшлийнхэн 170-200 доллараар зарж байна. гэв. 

Тэрбээр тогтолцоогоо өөрчилж, томоохон төслүүдээ хөдөлгөж чадсан 2030 он хүртэлх Монгол улсын эдийн засаг өөдрөг зурагтай харагдаж байна гээд өөрийн шийдлүүдээ танилцууллаа.

Шийдэл 1: Тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Үүний тулд сонгуулийн пропорцниал системийг нэвтрүүлэхээс аргагүй. Дараа нь сонгодог парламентын тогтолцоотой болж, ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлах нь зүйтэй. Тэгээгүй цагт өнөөдрийнх шиг эрх мэдлээ булаацалдсан толхилцооноос иргэд залхаж байна. Үүний дараа эдийн засгийн томоохон төслүүдээ урагшуулна.

Шийдэл 2: Бид далд уурхайн бүтээн байгуулалтыг хэрхэвч зогсоож болохгүй. Дээрээс ЭТТ -д баяжуулах үйлдвэр барих, Таван толгойн цахилгаан станцын төслийг явуулах, Таван толгой төмөр замыг барих, Цагаан суваргын зэсийн баяжмалын үйлдвэрийг эхлүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр 26,3 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ бол 2019-2020 онд буюу ойрын үед яаралтай хийгдэх хөрөнгө оруулалт юм. Үүнийг хийж чадахгүй, одоогийн засаглалын тодорхойгүй байдал хэвээр үргэлжилвэл өнөөгийн байдал дахиад 10 жил ч үргэлжлэх магадлалтай. Хэрэв энэ хөрөнгө оруулалт хийгдчихвэл Монгол улсын экспортын орлого 2019 онд 8 тэрбум долларт хүрчих бололцоотой. 2025 он гэхэд манай экспорт  16 тэрбум доллар ч хүрчих боломжтой. Энэ тийм хол тоо биш, 2017 онд монголчууд 7  тэрбум долларын экспорт хийж чадсан. Үүнээс 92 хувийг уул уурхайн экспорт эзэлсэн. 

Ийм нөөц боломж хангалттай байна. Үндсэндээ бид ийм боломжийн өмнө ирчихлээ. Дээр нь боловсруулах үйлдвэрийн ажлууд бий. 

Шийдэл 3:

Хэрвээ дээрх шийдлүүдийг хэрэгжүүлж чадвал 2030 онд 

Эдийн засгийн дундаж өсөлт 6,6 хувь

Нэг хүнд ногдох ДНБ 17500 ам доллар

Дундаж наслалт 90

Өрсөлдөх чадвар 70 дугаар байр

Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээрээ 40 дүгээр байр

Эдийн засгийн идэвхтэй хүн амын нийгмийн даатгалд хамрагдсан байдал 99 хувь болсон байх бололцоотой. Бид амьдралдаа шийдвэр гаргах болгондоо ямар хэмжээний өр төлөөсийг ирээдүйд төлөх талаараа бодох ёстой. Учир нь сонголтынхөө төлөөсийг амьдралаараа төлдөг. Үүний тулд улс нийгмийнхээ сайн сайхны төлөө анхаарал хандуулая,тогтолцоогоо, эдийн засгийн тогтолцоогоо үе шаттай өөрчлөе гэлээ.