УИХ-ын даргыг албан тушаалаасаа огцрохыг шаардаад буй УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд УИХ-ын даргыг огцрохыг шаардсан албан бичигт 30 мянга гаруй иргэн гарын үсэг зурсан. Талбай дээр мөн 300 гаруй хүн эсэргүүцлийн суулт хийж байна. Өнөөдөр 30 мянга гаруй хүний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын даргад гардуулж өгнө хэмээсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Манай Монголчууд их тайван ард түмэн. Нийгэм даяараа аль дээр УИХ-ын дарга огцорчихсон юм шиг сэтгэл зүйтэй болсон байна. УИХ-ын дараагийн дарга хэн болох талаар таамаг, хүмүүсийн нэрс яваад эхэлжээ. Монголчууд яг ингэж алддаг. Энэ сэтгэл зүйг маш сайн мэдрээд өрөвдөх тактикууд явж эхэлдэг. Ингэснээр нийгмийн анхаарал суларч, сэдэв солигддог. Тиймээс энэ долоо хоногт бид бүтэн итгэлтэй биш байна. Юу ч болж магадгүй. Тухайлбал сая Үндсэн хуулийн цэц дээр Ерөнхий сайдаас өгсөн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай алба бичигт маргаан үүсэх ёстой байсан бол 30 хоногоор хойшлуулсан байна. Яагаад заавал 30 хоногоор сунгав. Тэр бол тийм удаан судлах материал биш. Үүний цаана юу явж байна вэ. Магадгүй энэ хуультай холбоотой асуудал Үндсэн хуулийн цэц дээр маргаан дагуулах нөхцөл үүсч болзошгүй зүйлс ажиглагдаж байна. Тэгэхээр энэ 7 хоногт нүд цавчилгүй харах ёстой. 

Төрийн байгуулалтын байнгын хороон дээр саналууд 100 хувиар дэмжигдэж байсан. Энэ нь үнэхээр үнэн бол одоо гишүүд гарын үсэг зурах ёстой. Шинэ хуулиар 40 гишүүн санал өгч байж, энэ баасан гарагт УИХ-ын даргыг огцруулах асуудал шийдэгдэх ёстой байгаа. Цагаан сар дөхөж байна, ээлжит чуулган завсарлах дөхөж байна. Энэ бүхний цаана юу төлөвлөгдөж байгаа нь тодорхойгүй нөхцөл байдлууд байна. Би итгэхгүй байна. Ямар ч байсан хууль батлагдлаа. Энэ сайн зүйл. Одоогоор бол хуулийг ямар нэгэн байдлаар аргацааж, өөр хэлбэрээр үймүүлэх гэсэн оролдогууд гараагүй байна. Яг энэ долоо хоног хамгийн шийдвэрлэх долоо хоног байгаа юм. Тиймээс бид талбайд цугласан 30 мянган иргэнийхээ гарын үсгийг өгнө. Өнөөдрөөс УИХ-ын даргыг огцруулах миний бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлнэ. Хэн гэдэг гишүүн гарын үсэг зурав, хэн зураагүй вэ гэдгийг бид цаг тухайд нь нийтэд зарлах болно. Та бүхэн үргэлж хамт байгаарай. Эцсийг нь хүртэл маш нарийн тооцож явахгүй бол болохгүй байна. Нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр арга хэрэглэж магадгүй талаар бидэнд янз бүрийн мэдээлэл ирж байгаа. Тиймээс энэ долоо хоногийг нүд цавчилгүй бүгдээрээ харъя. Нэг зүйлээ дуусгачихаад дараагийн зүйл рүү орж сурцгаая. Иргэд аль дээр УИХ-ын дарга огцорчихсон юм шиг сэтгэл зүйтэй болчихож, дараагийн дарга болох хүнээ яриад эхэлчихэж. Ингэж болохгүй. Эхлээд УИХ-ын даргаа огцруулах шаардлагатай" хэмээлээ.