Стандарт банкин дахь 40 сая ам.долларын өрийг Эрдэнэт үйлдвэр Нөөцийн сангаасаа төлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний дараа "Жастын Ш.Батхүү Стандарт банктай гэрээ байгуулж зээлсэн тус мөнгийг эхний ээлжид Эрдэнэт үйлдвэр төллөө. Гэхдээ энэ 40 сая ам.долларыг Ш.Батхүүгээр заавал төлүүлэх ёстой. Тэгснээр хэрэг бүрэн зөв шийдэгдэнэ" хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

Энэ асуудал ямар шатанд явж байгаа болон Жастын Ш.Батхүүд холбоотой тус хэргийг хэрэгсэхгүй болгох гэж буй талаар мэдээлэл цацагдаад буй юм. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулахад "Стандарт банкинд 40 сая ам.долларын өр төлөөд "Эрдэнэт үйлдвэр" одоо хохирогч болчихлоо. 40 сая ам.долларын хохиролтой байхад Жастын Ш.Батхүүгийн хэргийг хааж болохгүй. Нийгэмд шуугиан үүсгээд буй хэргүүдтэй холбоотой ажлын хэсэг байгуулж буй гэсэн мэдээллийг би албан шугамаар авсан. Тэр хүрээнд асуудлыг судалж, үзэж байгаа гэж найдаж байна. 

Ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга н.Ганбатаар ахлуулна. Тэгээд маш яаралтайгаар 40 сая ам.долларын өрийг барагдуулах үүрэг өгнө. Хэрэв барагдуулж чадахгүй бол Эрдэнэт үйлдвэрийн захирал болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргатай хариуцлага тооцох бөгөөд ирэх 9 дүгээр сар хүртэл хугацаа өгч байгаа. Мэдээж энэ бол хууль хяналтын байгууллагаас хамаарах асуудал. Гэхдээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, Эрдэнэт үйлдвэрийн захирал нар өөсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийх ёстой гэж бид үзэж байгаа. Тэгэхээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг мэдээлэл үндэслэлгүй. 

Бидэнд ирж буй мэдээллээр 40 сая долларыг төлөх хангалттай хөрөнгө байгаа гэсэн. Хууль, хяналтын байгууллагын дүнгүүд цэгцлэгдээд ирэхээр тодорхой болох байх" хэмээлээ.