Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хоолны хордлогод орсон, хүн хордуулсан, хөлөндөө мэс засал хийлгэх шаардлага гарсны улмаас Солонгос руу явсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд сошиалиар цацагдсан. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдрөөс ажилдаа оржээ.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор өөрөөс нь тодруулахад "Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадаагүйн улмаас дөрвөн өдрийн ажил алдлаа. Үүнээсээ уучлал гуйж байна. Хоолны хордлого өгөөд Монголдоо эмчлүүлээд яваад байсан. Гайгүй болчихно гэж бодож явсан чинь хөл рүү орсон. Үүнийгээ бэртэл гэж бодоод бас цаг алдсан байна. Тиймээс яаралтай очиж, эмчилгээ хийлгэ гэж эмч нар зөвлөсний дагуу явсан. Идээт маягийн үрэвсэл үүссэн учир Солонгост очиж, хөлний жижиг мэс засал хийлгэсэн. 

Хоолны хордлогод ороод хордлого тайлах эмчилгээнд Монголдоо хэд хэд орж байсан. Магадгүй энийг харсан хүмүүс хордсон, хүн хордуулсан гэх зэргээр ярьсан байх. Би хордсон гэхээсээ илүү өөрийнхөө эрүүл мэндэд анхаараагүйгээс боллоо л гэж ойлгож байгаа. Би сүржигнэх дуртай хүн биш. Одоо санаа зовох зүйл байхгүй" хэмээлээ.