Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх албан хаагчдын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, бүх шатны төрийн албан хаагчийг мөрийтэй тоглохыг хориглож байна. Үүнд гадаад дотоодын газруудад мөрийтэй тоглохыг хориглох, энэ төрлийн газраар үйлчлүүлэхгүй байх заалтыг тусгаж зохицуулсан.

Төрийн албан хаагч гэдэг олон нийтийн сайн санааны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр тангараг өргөдөг. Ингэснээр Үндсэн хуулиар олгогдсон 18 заалтын 4-ийг нь хязгаарлуулж байгаа хэрэг. Гэвч сүүлийн жилүүдэд  төрийн албан хаагчид тэр дундаа төрийн өмчит үйлдвэрийн дарга, удирдах албан тушаалтнууд казино тоглох болсон. 

Бичлэг үзэх: 18 минутаас эхлэн үзнэ үү

Жирийн иргэдийн цалин хүрэхгүй гадаадад ажиллаж байхад төрийн албан тушаалтнууд нь казино тоглодог. Энэ тоогоороо манай улс тэргүүлж байгаа талаарх статистикт ч өртөж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна.

Олон улсад төрийн албан хаагчийн казино тоглохыг хориглосон байдаг. Бид үүнийг судалж үзсэн.Засгийн газар уг шийдвэрийн биелэлтийг улирал бүр тайлагнаж байхаар холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн. Хамгийн гол нь олон нийтийн, ХМХ-ийн хараа хяналт чухал. Хэрэв аль нэгэн газар төрийн албан хаагч, өндөр тушаалтнууд казино тоглож байвал шууд ЗГХЭГ-т мэдээлэл өгч болно.

Энэ мэдээллийг олж авахын тулд Засгийн газар анхаарч ажиллахаар болсон. Төрийн албан хаагч нартаа үүнийг анхааруулж байна.

Төрийн албан хаагч казино тоглож байгаа талаар мэдээлэл ирж, энэ нь батлагдвал ёс зүйн журмаар ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Ингэж хамтдаа ажиллаж байж уг асуудал цэгцрэх байх. 

Төрийн бүх шатны албан тушаалтан гэдэгт улс төрийн албан тушаалтнууд ч багтана. Гэхдээ УИХ-ын гишүүдэд Засгийн газраас хариуцлага тооцох эрх байгүй. Энэ мэдээллийг тухай бүрт нь Засгийн газар нээлттэй зарлаад явах болно. УИХ-ын гишүүд энэ асуудал дээрээ өөрсдөө манлайлах ёстой. Бугширсан 10 гаруй жилийн асуудал учраас шатласан арга хэмжээ авна. 

Төрийн албан хаагч нар хар тамхи, биеэ үнэлэлтийн хэрэгтэй холбогдсон мэдээлэл ирсэн. Энэ тал дээр бид ажлын хэсэг гаргаж ажиллана.