УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 60 тэрбумтай холбоотой асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод мэдэгдэл хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Үнэнээ хэлээгүй мэлзэж байгаа нь биш, үнэнийг хайсан нь буруутан болох тал руу өнөөдрийн нийгмийн тогтолцоо явж байна. Хувь хүн мэлзэж болно. Тэр бол тухайн хүний ухамсар ёсзүйн асуудал. Харин Монголын Төр дагаж мэлзэж болохгүй.  Эрх мэдэлтний өмнө манай төр хэрхэн ялгавартай ханддагийг өнгөрсөн хугацаанд би өөрийн биеээр үзлээ. Би төрийн болон намын нийт 17 эрх бүхий байгууллагатай биечилэн болон албан бичгээр хандаж, 60 тэрбумтай холбоотой асуудлаар тайлбар авсан.

М.Энхболд гэдэг улстөрч 2014 оны 8 дугаар сарын 28-нд 40 минутын, 2014 оны 9 дүгээр сарын 8-нд 60 минутын 60 тэрбумын гэх ярианд огт оролцоогүй гэж мэлзсэнийг АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй албан тушаалтнууд эвлүүлэг хэмээн үзэж, бараг Геннисийн номд бичигдэхээр хуулийн үндэслэл зохиож ажиллажээ. Уг асуудлаар нийтийн сонсгол хийх асуудлыг 17 гишүүн, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахаар 26 гишүүн албан бичиг өргөн барьсан ч ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар мэлзэж байна. Чуулганыг зарлаад дараа нь УИХ-ын гишүүдийн ирц бүрдэх эсэх яригддаг. Түүнээс биш чуулганаа зарлаагүй байж ирц бүрдэхгүй гэж ярьж буй нь утгагүй хэрэг. 

Сая болсон намын Бага хурлаар 60 тэрбумын асуудлыг хэлэлцэнэ гэсэн олон нийтийн хүлээлт байсан ч хэлэлцсэнгүй. 

УИХ-ын дарга М.Энхболдоос дараах гурван зүйлийг 2018 оны наймдугаар сарын 20-ноос өмнө биелүүлэхийг шаардаж байна.

  1. Монголын ард түмэн, МАН-ын нийт гишүүд, дэмжигчдээсээ хэвлэл мэдээллээр дамжуулж албан ёсоор уучлал гуйх
  2. Өөрийн хүсэлтээр хууль хяналтын холбогдох байгууллагуудад хандаж энэ хэргийг дахин сэргээж нягтлуулах, олон нийтийн эргэлзээг тайлах
  3. Ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж, УИХ-ын гишүүдийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдахаа зогсоож, нэн даруй зарлан хуралдуулахыг шаардаж байна.

Хэрэв энэ сарын 20-ноос өмнө 60 тэрбумтай холбоотой асуудлыг холбогдох байгууллагууд ил гаргаж нэг тийш нь шийдвэрлэхгүй бол, мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж эдгээр асуудлыг Төрийн ордон дотор шийдэгдэхгүй бол олон нийтийн дэмжлэгийг хүсч шат дараалсан тэмцлийн өөр хэлбэрт тэмцэх болно гэдгээ мэдэгдье" хэмээв. 

Мөн тэрээр УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумтай холбоотой хэргээ өөрөө намрын ажлаас өмнө үнэнээр нь хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлал гуйх нь зүйтэй. Үнэн нь тодорхой зүйлийг эвлүүлэг гэж АТГ-т хандаж чадсанд миний эгдүүцэл хүрч байна. Ард түмэнд ил болчихсон энэ асуудлыг эвлүүлэг гэж мэлзэж чадаж байхад бусад далдуур явж буй хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулах нь ойлгомжтой бөгөөд аймшигтай байна гэдгийг онцоллоо.