ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюу Толгой”-той холбоотой бас нэгэн шуугиан дэгдээлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад Оюутолгойн гэрээний үеэр авлига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 албан тушаалтан байгаа гэсэн юм. Мөн,

"Эдгээр хүмүүсийн нэрийг одоохондоо хэлэх боломжгүй. Үүнийг шалгаж байгаа ажлын хэсгийнхний дүгнэлт Засгийн газарт ирнэ. Иймд УИХ, АТГ нар яаралтай хэлэлцэж дүгнээд дүгнэлтээ Засгийн газарт ирүүлэх ёстой. Хардагдаад байгаа хүмүүсийн хувьд тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс байгаа. Мөн Зарим компанид давуу эрх өгсөн байж болзошгүй зүйл байгаа. Жишээ нь, “Модерн Номадс” компани Оюу толгойн катеринг нийлүүлэхэд орчихсон бэ, зарим шатахуун түгээхтэй холбоотой “Оюу толгой”, “Рио Тинто” давуу эрх олгох хэлцэл үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ. Бас Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх яриа гарсан. Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл гарсан ч нэр зарлагдсан асуудал байхгүй. Би хоёр хоногийн өмнө хууль хяналтын байгууллагуудын удирдлага руу утасдаж асуухад одоогоор албан ёсоор тогтоогдсон эсвэл шалгагдаж байгаа зүйл байхгүй гэсэн. Гэвч нийгэм хардах эрхтэй тул цаашид нягталж шалгах байх" гэлээ.