УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаасаа огцрохыг шаардаж буй юм. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд дээрх нэр бүхий 4 гишүүнтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд гишүүд УИХ-ын даргыг огцруулах үндэслэлүүдээ хэлсэн бөгөөд М.Энхболд дарга тус бүрт нь хариулт өгсөн юм. /Энэ талаар энд дарж уншина уу

Мөн тэрээр "Гишүүд та бүхэн тавьж буй шаардлагаа хуулийн дагуу, тодорхой үндэслэлтэй нь тавь. Түүнээс биш чуулганы хуралдааны үйл ажиллагааг тасалдуулж, байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй байдлаар, бусад гишүүдээ уриалах байдлаар энэ асуудалд битгий ханд. Цаашдаа та бүхэн энэ асуудлаа өөрсдөө хуулийн дагуу албан бичгээр бичээд надад тавь. Хүлээсэн үүргийнхээ дагуу УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаан болон төрийн ажлыг саадгүй явахад анхаарч ажиллахыг хүсэж байна" гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "М.Энхболд даргаа та дахин битгий олон нийтийн өмнө худлаа ярь л даа. Яагаад үнэ тогтворжуулах хөтөлбөр, 60 тэрбум, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй холбоотой асуудлууд, Т.Бадамжунайтай холбоотой асуудал, таны газрын наймаатай холбоотой асуудлууд таны томилсон АТГ-ын дарга Х.Энхжаргал гэдэг хүн дээр очоод гацдаг юм бэ. Яагаад тэр хүмүүс хууль бусаар УИХ-ын гишүүдийг тагнаж чагнадаг юм бэ. Ийм асуудал үүсээд буй нь үнэн. Яг та 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэсэн шиг дээрх хэргүүдтэй холбоотой баримт бичгүүдийг та хүчээр, хуурамчаар хийлгэсэн. Тиймээс УИХ-ын гишүүн бидэнд тантай ажиллах ёс зүй болон итгэл үнэмшил байхгүй байна. УИХ өнөөдөр тарах хэмжээнд хүрчихээд байна. УИХ тарвал юу болох вэ гэдгийг та мэднэ. УИХ таны албан тушаалаас илүү үнэ цэнтэй гэж бид бодож буй учраас ардчилсан парламентийг хамгаалахын төлөө арга буюу өнөөдөр ийм байдалд хүрээд байна.

Та зүгээр л огцрох өргөдлөө өг. Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд өгсөн албан бичгийн дүгнэлт гартал та УИХ-ын чуулганы хуралдааныг даргалахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. УИХ-ын даргаа та ирэх 1 дэх өдөр хүртэл огцрох өргөдлөө өгөхгүй бол бид тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжих болно гэдгээ танд албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн хэллээ.