АНУ-ын поп дуучин Майли Сайрус болон Австралийн жүжигчин Лиам Хемсворт нар хуримласан тухай Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

М.Сайрус өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болсон хуримын ёслолын арга хэмжээний үеэр авхуулсан гэрэл зургуудаа цахим сүлжээний хаягтаа пүрэв гарагт нийтэлсэн байна. Алдарт хос 2010 онд олон нийтийн хүртээл болсон “The Last Song” киноны зураг авалтын үеэр анх танилцсан юм. Тэд 2012 онд сүй тавьсан тухайгаа олон нийтэд зарласан боловч 2013 онд салж, 2015 оноос дахин хамтдаа байгаагаар олны нүдэнд харагдах болжээ. Тун удалгүй тэд дахин сүй тавьсан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн 11 дүгээр сард хосын Калифорни муж улс дахь байшин түймэрт сүйдсэн байна. Тэдний хурим М.Сайрусын Теннесси муж улс дахь хувийн эзэмшлийн байранд болсон байна. Хуримын ёслолд гэр бүл болон дотны найзуудыг урьж, цомхон хүрээнд зохион байгуулжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Cosmopolitan