МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням "МАХН дүрэмдээ гишүүдийг чадавхитай, идэвхитэй байхыг дэмжсэн, тийм боломжийг олгох заалттай байдаг. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ыг унагасан шиг улс төрийн дайрлага одоо МАХН-д ирж байна. Тиймээс бид дүрэмдээ өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхэд мэдүүлсэн. Гэвч өчигдөр Улсын Дээд шүүхээс манай намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа.

Манай намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийн цаана хэн нэгэн хүн байгаа. Энэ бол захиалгатай шийдвэр гэж бид үзэж байна. Улсын Дээд шүүх бүртгэдэг байгууллага болохоос хянадаг байгууллага биш" гэдгийг онцлон хэллээ.

Мөн тэрбээр "МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар МАХН-ын Их хурлыг хуралдуулах талаар мэдээлж байна. 

МАХН-ын дүрмээр намын Их хурлыг хоёр тохиолдолд зарладаг.

  1. МАХН-ын гишүүдийн олонх нь Их хурал хийхийг шаардаж, гарын үсэг зурсан тохиодолд
  2. Намын бага хурлын хамтарсан саналаар Их хурлыг хуралдуулах шийдвэр гаргавал нам Их хурлаа зарладаг.

Манай нам 76 мянга орчим гишүүнтэй. Тэдний олонх буюу 50-иас дээш хувь нь гэвэл 40-өөд мянган гишүүн байх ёстой. Гэвч О.Баасанхүү нар нь 73 хүний нэр гаргачихаад МАХН-ын Их хурлыг зарлаж байна. Тэдгээр 73 хүнийх нь 10-аад нь АН, МАН-ын гишүүд байна. 

Тэгэхээр О.Баасанхүү нарын зарлаж буй намын Их хурал хүчин төгөлдөр бус бөгөөд намын дүрэм зөрчиж буй үйлдэл юм.

О.Баасанхүү  Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг буцаан авах шийдвэрийн эсрэг кноп дарсан зэрэг МАХН-аас хөөгдөх болзлоо аль хэдийнэ хангачихсан. Гэхдээ бид албан ёсоор намаас хөөгөөгүй байгаа" хэмээлээ.

МАХН-ын гишүүн Удвал "МАХН-ыг тараах, хоёр хэсэг болгох гэсэн улс төрийн дайрлага бидэнд ирж байна. Бид ойрын хугацаан намынхаа андугаар зөвлөгөөнийг Улаанбаатарт зохион байгуулна. Ирэх оны нэгдүгээр сарын 27-нд намын Онц их хурлыг хийх тул эдгээр ажлуудаа хэлэлцэхээр төлөвлөөд байна. МАХН бол хамгийн өргөн хүрээнд хамгийн нээлттэй ажиллаж буй улс төрийн хүчин" гэдгийг мөн мэдээллийн үеэр онцолсон юм.