Аймгийн Мах боловсруулах үйлдвэр байгуулагдсан нэг жилийнхээ хугацаанд 428 тонн мал, мах худалдан авч, малчдад 1,6 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Зах зээлд мал, махны үнэ ханш муу, худалдан авалт тааруу, өвлийн улирал цас ихтэй, хүйтэн болсон зэрэг эрсдэлтэй нөхцөлд Өвөрхангайн төдийгүй Архангай, Баянхонгор аймгуудаас бод, бог 5000 гаруй малыг худалдан авч, малчдад дэмжлэг үзүүлсэн байна.

Үүнээс намар 40 тонн мах нөөцөлж, хавар 5 сард зах зээлд нийлүүлэн 1 кг тутмыг 4500 төгрөгөөр борлуулсан нь мах тасрах, үнэ хөөрөгдөх нөхцөлөөс хамгаалжээ. Тус үйлдвэр орон нутгаасаа 76 хүнийг бүр болон түр ажлын байраар хангаж, ХХҮГ, ОБГ-тай хамтран сургалтанд хамруулан мэргэжлийн чиг баримжаа олгоод байгаа ба цаашид дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах зорилготой байгаа юм. Одоогоор БНХАУ-д 1500, Иран улсад 500 тонн мах нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг