Өнгөрсөн сараас эхлэн малын генетик нөөцийн тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хууль нь малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, шинэ үүлдэр, омог бий болгох, малын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй хүнс үйлдвэрлэх, улмаар мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байна. Уг ажилд малчдын оролцоо, идэвх санаачилга маш чухал учраас хуулиар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн эдэлж буй эрх, хүлээж буй үүргийг танилцуулж байна.

Малын генетик нөөцийг ашиглахад малчин, мал бүхий этгээдийн эдлэх эрх

  • Үндэсний үйлдвэрлэгчээр баталгаажиж, өрхийн баталгааны тэмдэг хэрэглэх
  • "Малчин" мэргэжлээ баталгаажуулж, мэргэжлийн үнэмлэх тэмдэгтэй байх
  • Генетик нөөц ашигласны үр шимийг хүртэх
  • Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ авах эрхтэй
  • Баталгаажсан цөм сүргээс үржлийн мал бойжуулах, борлуулах
  • Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг зөвшөөрөгдсөн бүс нутагт үржүүлэх  
  • Цөм сүргээс хээлтүүлэгч хээлтүүлэгчийг сонгон, мэргэжлийн хяналтан дор үржилд ашиглах
  • Бэлчээр, ус, хужир марааг зөв зохистой хэрэглэх
  • Тоо, тархалтын хувьд доройтолд орсон, устаж мөхөж болзошгүй байдалд хүрсэн малын төрөл, зүйлийг тусгайлан хамгаалж, үржүүлэх арга хэмжээ авсан, удам гарвал нь тодорхой, стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч бойжуулж зах зээлд борлуулсан бол малчин Засгийн газраас дэмжлэг, урамшуулал олгохоор Малын генетик нөөцийн тухай хуульд заажээ.

Малын генетик нөөцийг ашиглахад малчны үүрэг

  • Тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн үүлдэр, омгийн хээлтүүлэгчийг ашиглах
  • Малыг сонгон үржүүлэхдээ ашиг шимийн чиглэлийг дур мэдэн өөрчлөхгүй байх
  • Эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр үүлдрийн малыг сайжруулагчаар ашиглахгүй байх
  • Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний жишиг үнийн дагуу үйлчилгээ авсан зардлаа хариуцах
  • Мал сүрэгт жил бүр үзлэг, ажиглалт хийлгэж, ашиг шимт чанарыг үнэлүүлэх, баталгаажуулах
  • Үржлийн малд удам гарвал, ашиг шимийн бүртгэл хөтлөх
  • Стандартын шаардлагад тэнцэхгүй хээлтүүлэгчийг үржлээс хасах
  • Банкнаас зээл авах, даатгуулах зэрэг зах зээлийн харилцаанд орохдоо малаа үндэсний бүртгэлд оруулсан байх
  • Малчин өрх нь мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахдаа тогтоосон журмын дагуу баталгааны тэмдэг хэрэглэх үүрэгтэй гэж хуульд заасан байна.

Малчид малын генетик нөөцийг зохистой ашигласнаар түүнийхээ үр шимийг хүртэх, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимд байнгын хяналт тавих, чанартай, стандартын шаардлага хангасан, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, энэ хэрээр ашиг орлоготой, сэтгэл тэнүүн амьдрах боломжийг уг хуулиар олгож буй.