ЦАГ БА ЛУУЖИН


Цагийн менежментийн тухай ярихад, «цаг» буюу өгөгдсөн хугацааг хэрхэн зөв удирдах талаар ярьдаг. Үүний зорилго нь бага хугацаанд ихийг бүтээж, яаралтай ажлуудыг хурдан бөгөөд үр ашигтай хийхэд оршдог. Гэвч зөвхөн цаг хугацаанд төвлөрч ажиллаж амьдрах нь сөрөг үр дагавартай. Баригдмал, хянуулсан мэт байдалд ажилласнаар бид өөрсдийгөө хямраах байдалд оруулж мэднэ. Асуудлаа тухайн цагтаа шийдвэрлэж амжихгүй бол хүнд байдалд орж, амьдралыг таашаан мэдрэх боломжгүй болон, хамаг зүйл утгагүй, хоосон санагдаж эхэлдэг.
Харин «луужин» бол зүг чигийг заадаг. Амьдралынхаа эрхэм зорилго (үүрэг даалгавар), алсын хараа буюу амьдралынхаа дуудлагыг танин мэдсэн хүн луужинтай байна гэсэн үг. Луужин нь зүг чигийг заадагийн адил амьдралд тань ямар зүйл нь чухал, утга учиртай гэдгийг тодорхойлж өгдөг учраас та төөрөхгүй, цаг алдахгүй.  Амьдралаа удирдан зохиомжлоход луужин хэрэгтэй.  Амжилтанд хүрэхийн тулд бид луужингаа харан, цагийн баримжаатай байж төлөвлөсөн хугацаанд зөв зорилгод хүрэх болно.

Ерөнхийдөө цаг төлөвлөлтийг гурван хэсэгт хувааж үздэг.

1.Харах цаг буюу урт хугацааны төлөвлөлт
Урт  хугацааны жилийн төлөвлөгөө нь бидэнд алсын хараа, баяр хөөр, амар тайван байдлыг өгдөг. Амжилтын хөтөч төлөвлөгөөний дэвтрийн эхний хэсэгт бүтэн жилийн хуанли бий. Та тэр хэсэгт жилийн хугацаанд төлөвлөсөн чухал ажлуудаа тэмдэглээрэй. (Хуудас 6-9) Та ирж буй он цагийг урьдчилан төлөвлөснөөр өөрийнхөө амьдралд эзэн болох, өөрийгөө удирдан жолоодох эхний алхамаа хийх болно.
Мөн сар бүрийн эхний хэсэгт буй “Энэ сард хийх чухал ажил ба чиглүүлэлт” гэсэн хуудас бүхий хэсэгт та өөрийн амьдралын урт хугацааны зорилго, алсын хараа, амьдралын зарчимаа тодорхой болгон бичиж тэмдэглээрэй.
“Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино” гэж агуу үг бий. Та өөрийн амьдралын 10 буюу түүнээс дээш жилийг төсөөлөн бодож төлөвлөгөөндөө оруулаарай.

2.Бэлтгэх цаг буюу дунд хугацааны төлөвлөлт
Хүний амжилтыг зөвхөн мөнгө, албан тушаал хоёр тодорхойлдоггүй. Бодит амжилтанд хүрч, аз жаргалтай байхын тулд амьдралынхаа бүх талбаруудыг хамтад нь хөгжүүлэх хэрэгтэй. Сар бүрийн эхний хэсэгт “Энэ сард амьдралдаа хийх хөрөнгө оруулалт” гэсэн хэсэгт амьдралынхаа үнэт зүйлс болсон, ажил хөдөлмөр, эрүүл мэнд, харилцаа, санхүү, өөрийн хувийн хөгжилөө төлөвлөн бичээрэй. Амьдралын үнэт зүйлс тань үргэлж хамтдаа баланстай хөгжиж байх ёстойг бүү мартаарай.


✔Амьдралын хувь төөрөг ба ажил хөдөлмөр

Хүн өөрийн хувь төөрөг, амьдралынхаа дуудлагыг танин мэдэж, түүнийгээ өөрийн ажил хөдөлмөртэй холбоход аз жаргал, амжилтын нууц оршдог. Өөрийн ур чадвар, дуудлагын эсрэг, зөвхөн мөнгөний төлөө ажиллавал, аз жаргалтай, амжилттай байх магадлал тун бага. Тиймээс «луужин» болон энэ номонд өгөгдсөн тусламжийн хэрэгслүүдийг ашиглан өөрийн хувь төөргийг хайж олохыг бид танд зөвлөж байна. Тэгээд өөрийгөө хөгжүүлж, баяр хөөр, хичээл зүтгэлээр дүүрэн урагш тэмүүлээрэй.  

✔Санхүү
Бидний амьдралын хангамж, чинээлэг байдлын илэрхийлэл нь мөнгө байдаг. Гэхдээ, энэ нь мөнгийг тахин шүтэж, хойноос нь гүйх гэсэн үг биш, харин мөнгө бидний амьдралыг дэмжих хүч гэдгийг ойлгож ухамсарлах явдал юм. Мөнгийг анхаарахгүй бол түүгээр хүн дутагдаж эхэлнэ. Тэгээд  байхгүй мөнгөнийхөө хойноос хөөцөлдөж эхлэхэд тэр чухал асуудал болж анхаарлын төвд ордог.  Уг нь бол мөнгө бол хүний амьдралын төв болоод байх тийм ч их гавьяатай зүйл ч биш л дээ. 

Мөнгө буюу баян чинээлэг байдал нь «орлого цалинтай» холбоогүй байдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь зарлагын хувьд ч ялгаагүй билээ.  Сурсан мэдсэн зүйлс түүнийгээ ашиглан хөдөлмөрлөсөн үйлсээрээ бид баялгийг бий болгодог.
Би таныг өөрийн санхүүгийн төлөвлөгөөтэй амьдарч түүнийгээ хэрэгжүүлэн баялгийг бий болгоосой хэмээн хүсч байна.

✔Эрүүл мэнд
Бидний бие махбодь дотор нь амьдрал оршдог гэр оронтой адил билээ.  Орон байр тань эвдрэн сүйрвэл дотор нь хүн амьдрах боломжгүй болдог. Яг түүнтэй адил бидний бие эрхтэн сульдан доройтвол бид аз жаргалтай амьдрах боломжгүй болно. Хэрвээ бид сайхан амьдралтай байхыг хүсвэл, биеэ анхаарч халамжлах хэрэгтэй. Үүнд зөвхөн гаднах төрх бус, мөн эрүүл хооллолт, хөдөлгөөн (биеийн тамир), амрах, завсарлах, унтах цаг хамааралтай. Иймээс эрүүл чийрэг байж, бие махбодоо хайрлан гамнах үүднээс долоо хоног, сарын төлөвлөгөөг гарган биеийн тамираар хичээллэн, эрүүл мэндийн шинжилгээ үйлчилгээнд хамрагдаж байгаарай. Эрүүл биед саруул ухаан оршино гэж ухаант буурлууд маань сургасныг санаж явцгаая.  

✔Харилцаа ба сэтгэл санаа
Бидний сэтгэл санааны байдал өөрийнхөө талаар ямар мэдрэмжтэй байх, бусадтай хэрхэн харилцах харилцаанд маань нөлөөлж байдаг. Сайн буюу муу өдөр нь тухайн нөхцөл байдлаас хамаарахгүй бөгөөд санамсаргүй тохиолдол ч бас биш. Тухайн өдрийн зурхай бидний сайн, муу өдрийг тодорхойлдог бус, харин бидний сэтгэл санааны байдал үүнийг тодорхойлдог. Тиймээс бид өөрсдийнхөө сэтгэл санаа болон харилцааг удирдаж сурах хэрэгтэй. Үүнд бид өөрсдийн эрхэмлэдэг үнэ цэнийг суурь болгох учиртай юм. 

Бидэнд нөлөө үзүүлж байгаа зүйлүүд сэтгэл хөдлөлийг маань удирдах бус, харин бидний  дотроо эрхэмлэдэг үнэ цэнэ нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг удирдах учиртай. Та өөрөө өөрийнхөө сэтгэл санааны дасгалжуулагч нь байх хэрэгтэй.  Таны сэтгэл санааны амар тайван, сэтгэл хангалуун байдал болон бусадтай харилцах харилцаанд муугаар нөлөөлж байдаг аливаа хандлагуудаа өөрчлөөрэй. Жишээлбэл, та уур хилэнгийн оронд тэвчээрийг, үзэн ядалтын оронд хайрыг, зөвхөн өөрөө ярихын оронд бусдыг сонсохыг, залхуурахын оронд хичээл зүтгэл гаргахыг сонгоорой. Сонголт таных. Таны сонголтоос таны хувь тавилан хамаарна.

✔Дотоод ертөнц хувийн хөгжил
Хүн бол үнэхээр юутай ч харьцуулшгүй Бурханы төгс бүтээл юм. Биднийг, хүний гараар бүтээгдсэн ямар ч агуу машин, техникийн бүтээлтэй  харьцуулашгүй. Хүнд бие махбод, оюун ухаанаас гадна сүнс, сэтгэл байдаг нь гайхамшигт бүтээл гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Хүн хайрыг, нөмөр нөөлөгийг хайж байдаг. Мөн хүний болон амьдралын жинхэнэ мөн чанар, утга учрыг эрж хайж, түүнийгээ олохыг хичээж байдаг. Ёс суртахуунтай, бусдыг хайрласан үнэ цэнэтэй амьдрал, сэтгэл санааны амар тайван, баяр хөөр, утга учиртай амьдралыг та бий болгоорой. Өөртөө цаг гаргаж, өөрийнхөө төлөө санаа тавиарай.

✔Байнга суралцах ба хөгжих
Ургадаггүй бүх зүйл үхэл доройтлын үйл явц дотор байдаг талаар байгаль бидэнд заадаг. Одоог хүртэл сурч мэдсэн зүйлс маань, бий болгосон ур чадвар маань ингээд л боллоо, энэ бол хангалттай гэж үзэж байгаа бол эндүүрэл юм. Амьдралынхаа бүх талбарт бид байнга өсөн дэвжиж, хөгжиж байх хэрэгтэй. Тиймээс бид таныг хэрэгтэй номнуудыг уншин, сургалт семинарт хамрагдан, байнга шинэ санаа оноог олж авч, туршлагатай хүмүүсээс суралцан, амьдралаа улам баяжуулж байхыг хүсч байна.  Бүх боломжуудыг ашиглаж сураарай.  

3.Хийх цаг буюу богино хугацааны төлөвлөлт

Алсын хараа, холын зорилгоо тодорхойлоод тухайн сардаа хийх чухал ажлуудаа төлөвлөсөн бол одоо долоо хоногийн хийх ажлаа бэлтгэн төлөвлөнө.

Долоо хоногийн эхний хэсэгт тухайн долоо хоног зайлшгүй хийж амжуулах ажлаа өөртөө сануулан тодорхой бичнэ. Тэгээд өдөр, цагуудад хийх ажлаа хуваарилан жагсаан бичнэ.
Цагаа төлөвлөдөг хүн хамгийн үнэ цэнэтэй хүн байдаг гэдгийг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.
Долоо хоногийн эцэст тухайн долоо хоногоо дүгнэж юу амжилттай, юу амжилтгүй болсныг дүгнэн цэгнэж, өөрийгөө урамшуулан, талархлын үгээ бичээрэй.
Ингээд та Амжилтын хөтөч дэвтрийг үр дүнтэй хөтлөн жилийн 365 хоногийг УТГА УЧИРТАЙ, ЗОРИЛГОТОЙ, ХАРАМСАХГҮЙ өнгөрүүлэх боломжтой боллоо. Танд баяр хүргэе.