Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, ОБЕГ-тай зохион байгуулж буй Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурал өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Бага хурлаар хэлэлцэх асуудал болон хүлээж буй үр дүнгийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч, Гамшгийн эрсдлийг бууруулах байгууллагын тэргүүн Мами Мизутори нар мэдээлэл хийв.
 

Азийн сайд нарын бага хурал нь гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлын хангах, гамшигтай тэмцэх чадварыг бэхжүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр улс орнуудын туршлага, сургамжийг хуваалцах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүс нутгийн хамтын ажиллагааны хамгийн том механизм гэдгийг Шадар сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

2005 онд НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн I бага хурлаас улс орнуудын гамшигтай тэмцэх чадварыг бэхжүүлэх зорилго бүхий “Хюгагийн үйл ажиллагааны хүрээ 2005-2015” баримт бичгийг гаргасан, 2015 онд болсон II бага хурлаас “Сендайгийн үйл ажиллагааны хүрээ 2015-2030” барим бичгийг баталжээ. Энэ баримт бичгийг Азийн бүс нутагт хэрэгжүүлэх анхны бага хурал 2016 онд Шинэ Дели хотод болсон бол хоёр дахь хурал Монгол Улсад болж буйг  Шадар сайд дурьдаад, “Сендайн баримт бичиг нь 2030 он гэхэд гамшгийн улмаас амиа алдагсдын тоо болон эдийн засгийн хохирлын хэмжээ, нэн чухал дэд бүтэц, суурь үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн байгууллагад учрах хохирлыг бодитойгоор бууруулах, хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааг сайжруулах, зарлан мэдээллэх систем, гамшгийн эрсдлийн мэдээллийг иргэд ашиглах боломжийг нэмэгдүүлэх гэсэн 7 үндсэн зорилттой. 

Энэ удаагийн хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орон, Европ, Америк, Африкийн улсууд болон 1583 олон улс, бүс нутгийн байгууллагын 3500 төлөөлөгч оролцож байна. Хурлын хүрээнд Азийн манлайлагчдын хурал, Сендайн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Дэлхийн тогтвортой хөгжил, Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг 20 гаруй салбар хуралдаан, үзэсгэлэн болох юм” гэлээ.

Мөн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори, “Энэхүү хурлыг зохион байгуулах санаачилга гаргасан Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас эхлээд жирийн иргэн хүртэл гамшгийн хор хөнөөлийн талаар өндөр мэдлэгтэй. Тиймээс ч гамшгийн эрсдлийг бууруулах зорилгоор Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого олон улсад өндрөөр үнэлэгдэж байгаа. Монголчууд гамшгийн эсрдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг манлайлж байгаа нь нэн чухал юм. Монгол Улс өчигдрийг хүртэл гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хичээнгүйлэн ажиллаж байсан Азийн цор ганц орон байсан. Харин өчигдөр Бангладеш орон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Азийн манлайлагчдын эгнээнд орсон. Аливаа улс орон өөрийн гашуун туршлагадаа тулгуурлан сайн, сайхан ирээдүйг цогцлоодог. Өнөөдрийн бага хурал өнгөрсөн хугацаанд тохиолдсон гамшиг, гашуун туршлагыг харуулсан видео бичлэгээр эхэлж, хүүхэд багачуудын ирээдүйн сайн сайхныг зөгнөсөн дуугаар өндөрлөсөн нь их таалагдлаа” хэмээв.
 

Хурал энэ сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг