МАН-ын бүлэг шуурхай хуралдаан зарлан, яг одоо УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын асуудлаар хуралдаж байна.

МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаанд МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Ингэснээр тус гишүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болж буй юм.

Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Хяналтын хороо хэрэв ийм шийдвэр гаргасан бол Говь-Алтай аймгийг надаас салгах гэсэн санаархал байх" гэсэн тайлбар өгсөн. Харин Д.Дамба-Очир гишүүн "МАН коммунист нам болж байгаа юм уу. Нэртэйгаар нь бид хоёрыг хөөчих хэрэгтэй. Бид Байнгын хорооны даргын хувьд хийх ёстой ажлаа хийгээд явж байна. Уг шийдвэрийг би ойлгохгүй байна" хэмээсэн юм.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хэлсэн үгэнд нь хариуцлага тооцоод байвал үлдэх УИХ-ын гишүүн байхгүй. Хэтэрхий яаруу шийдвэр гаргалаа гэж харж байна" хэмээн өнөөдөр үдээс өмнө сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэлсэн.

МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдаад ямар шийдвэр гаргасныг эргэн мэдээллэх болно.