Манай улс хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 10-12 сая толгой мал хэрэглэдэг. Бид дотоодын махны хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй цаашид жил бүр 9 сая толгой мал буюу 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөц бий. 

2018 оны экспортын гүйцэтгэлээр 70,4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортложээ. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 50 мянган тонн хүргэнэ гэсэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэгдсэн үзүүлэлт юм. Хонин толгойд шилжүүлснээр 4,4 сая малыг экспортод гаргаж, 154.1 сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олжээ.

Махны төрөл, экспортолсон улсаар нь авч үзвэл, өнгөрсөн онд Азербайжан, БНАСАУ, БНХАУ, Вьетнам, Иран, Испани, Казакстан, Катар, Киргизстан, Малайз, Арабын нэгдсэн Эмират улс, ОХУ, Хонконг, Узбекстан, Япон гэсэн 15 улс орон руу хонь, ямаа, үхэр, адууны мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүнийг өмнөх онуудтай харьцуулахад экспортын мах, махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өссөн үзүүлэлт юм.