Өмнөд Солонгос улс 2020 онд болох Токиогийн олимпод Японы “Мандах нар” тугийг хориглохыг албан ёсоор Олон улсын олимпийн хорооноос хүссэн байна. 

Уг туг нь Хятад Японы дайн, Дэлхийн хоёр дугаар дайны үеэр Японы эзэн хааны армийн бэлгэдэл байсан бөгөөд олон сая хүнийг тамлан зовоож, хөнөөсөн явдалд тус арми хариуцлага хүлээсэн юм. 

Харин уг хүсэлтэд “Уг туг нь улс төрийн агуулгатай биш тул үүнийг хориотой зүйл гэж үзэхгүй байна,” хэмээн Токио 2020 олимпийг зохион байгуулах хороо мэдэгдэлдээ хэлснийг CNN онцолжээ. Лхагва гарагт ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахт илгээсэн захидалдаа Пак Ян Вү тэргүүтэй Өмнөд Солонгосын соёл, спорт, аялал жуулчлалын яам энэ асуудалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд уг тугийг Нацист Германы хас тэмдэгтэй адилтгасан байна.

Вашингтон Пост сонинд бичсэнээр “Мандах нар” туг нь 19-р зууны сүүл үеэс хойш Ази болон Номхон далайн дайны үе, Япон цэргийн түрэмгийлэлийн үед Японы империализмтай холбогдуулан ашиглаж байсан Японы армийн дайны туг,” хэмээн тодорхойлжээ. Эдогийн үеэс эхлэн, 1945 онд Дэлхийн 2-р дайнд Япон улс бууж өгөх хүртэл энэхүү тугийг ашиглаж байсан ч 1954 оны Японы батлан хамгаалах хүчин байгуулагдахад дахин ашиглах болсон түүхтэй. Өнөөдөр, “Мандах нар” туг нь Японы тэнгисийн батлан хамгаалах хүчний бэлэг тэмдэг ба Японы газар дээрх арми нь найман цацрагтай хувилбарыг тус тус ашигладаг. Мөн арилжааны бүтээгдэхүүнүүдээс гадна манга, анимэ, видео тоглоомууд, сонин,  ялангуяа Асахи Шимбун зэрэг бүтээгдэхүүнд лого болгон ашигладаг аж.