Монголын хүүрнэл зохиолын ноён оргилуудын нэг С.Эрдэнэ баавайн "Занабазар" хэмээх түүхэн роман бол Халхын өндөр гэгээний бодрол дуртадгал,дотоод хүүрнэлээр дамжуулан Монголын түүхийн нэн эгзэгтэй бөгөөд эмгэнэлтэй цаг үеийг тольдон үзүүлж, "Тэнгэр язгуурт-дээд төрөлт" Даранатын хувилгааныг жирийн л нэг мах цусанд төрсөн "зовлонт хүмүүний" дүрээр тод томруун дүрслэн бичихдээ "сэтгэлийн шаналанг нь" уудлан шавхаж утгын яруу үгийн урнаар туурвисан шилдэг бүтээлийг нэг яахын аргагүй мөн гэж бодогдоно. 

Номын их мэргэн, шид бүтээлийн эзэн, бичиг үсэг зохиогч, судар ном туурвигч, их бясалгагч, ирээдүй цагийг тольдогч "бурхан-хүмүүн" гэдгээс илүүтэй шашин соёлын зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, гайхамшигт уран дархан, улс Монголынхоо хувь заяаны төлөө энэлэн шаналагч, хайрт бүсгүйгээ санан мөрөөдөгч "эгэл-хүмүүн"-ий бодол санаа, хүсэл мөрөөдөл, гуниг харуусал, эмзэглэлийг сэтгэл зүрхэнд ойрхон тусгаж чадсанаараа уртын урт санаа алдахад хүргэдэг билээ.

Халхын нутгаас ойж гарагсадын удам угсаа болох үзэсгэлэн төгөлдөр Амина бүсгүй гал голомтоо самруулж,өнчрөл хагацал, уй гашуу дундуур хэцүү бэрхийг туулан хайртай хүнээ зорин ирсэн ч ханилан суухын заяа байсангүй ээ. Өндөр гэгээний баруун гарын шадар туслах удам дамжсан уран гартан, мэргэн харваач, нэрт дууч Цамбагарав дархны "богтлон" авсан эхнэрийн дүрээр ойр дэргэд нь байх арга сүвэгчилсэн ч хар хэлтний хараанд өртөж, хорон санаатны гарт үрэгдсэн гунигт тавилантай ч хайртай хүнийхээ ур ухаан, авьяас чадал, хүсэл мөрөөдлөөр дахин "амилж" жинхэнэ монгол Дара эх болон мөнхөрсөн гайхамшигт түүхийг бахархан уншиж, Манжийн туршуул "утгыг дээдлэгч" лам Рэгжийбуу мэтийн "хонины хашаанд уясан чононууд" ямар их хорлонтой үйл сэдэж, хутган үймүүлж байсныг жигшин зэвүүцэх сэтгэл төрнө. Үзэсгэлэн гоо Аминаа бүсгүйтэйгээ ханилан сууж чадаагүй ч хожим Дашчоймбол гэх үзэх царай нь догшидын дүртэй ч үнэн гайхалтай уран бүсгүйг хатнаа болгон суут бүтээлүүдээ хамтран туурвих болсон нь эгэлгүй сайхан Амина төрөл арилжин эргэн иржээ гэж өөрийн эрхгүй бодогдоход хүрсэн билээ.

Зонховын шашныг мандуулж, цагийг тохинуулан, улс үндэстнээ эв эеээр бэхжүүлэн энхжингийн орон болгох гэсэн хүсэл мөрөөдөл нь талаар болж, хаад ноёдын хагарал тэмцэл харийн гүрний хатгаасаар цус нэгт ахан дүүс хоорондоо алалдан дайсан этгээдийн идэш хоол болох хэцүүхэн үе. Ийм үйл лайтай цагийг үзэх "цөвүүн цагийн богд" болсондоо халаглан харуусаж, аргагүйн эрхэнд хар толгойгоороо дэнчин тавин байж харийн эрхшээлд ч гэлээ их Монголын голомтыг бүрэн бүтэн авч үлдсэн боловч эх орондоо хөл тавих эрхгүй "золионы богд" болон барьцаалагдсан гашуун тавилантайгаа эвлэрч, сүнс нь минь эх нутагтаа очиж эргэн төрнө хэмээн голоон зогоож буй гэмшилт дүр төрх нь олон зууны тэртээгээс тодрон гарч ирэх шиг сэтгэл хөндүүрлэж билээ. Тогоонтөмөр хааны үеэс хойш тарж бутарсаар хэдэн хэсэг хуваагдсан ч цөс ихт Монголчуудыг цэрэг зэвсгийн хүчээр буулган авах аргагүйг мэдэх Манжийн хаад хооронд нь хагаралдуулж хүчийг нь сулруулах, шашны шар тугийн дор номхотгон дарах арга ухааныг элдвээр уралдуулж Төвдийн шашны нөлөөг ашиглан эртнээс "занга" тавьж байсныг өндөр гэгээний эргэцүүлэл тодруулж байна. Засагт ханы ор суудлын хямрал тогооноосоо халин гарч Халх Ойрадын хямрал болон өргөжсөнөөр барахгүй Манж, Төвдийн далд бодлогоор гал дээр тос нэмсэнээс болж "Халхын од" харвасан гамшигт хүнд хэцүү үе тохиолдсон нь эв эеийг эрхэмлэн сахиж чадаагүй Монголчуудын том алдаа байжээ гэж өөрийн эрхгүй бодогдлоо.