УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд эхлэн, үргэлжилж байна. Тус чуулганаар 5 хууль, албан тушаалын 3 буюу нийт 8 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр товлон зарласан.

Хуулийн төслүүдийг байнгын хороо, ажлын хэсгүүдээр хэлэлцэж буй. Харин өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Хошууч генерал А.Ганбатыг томилсон.

Чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар:

  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт; 
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
  • Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал зэргийг хэлэлцэнэ.

Хэлэлцэн шийдвэрлэх эдгээр асуудлуудаас иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй нь АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах болон дараагийн даргыг томилох эсэх тухай асуудал юм.

Чуулганы маргаашийн хуралдаанаар дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэснээр ээлжит бус чуулганыг хаах аж.