Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-тай хамтран мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг маргааш Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв, “MKIT” сургалтын төвд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж, МСҮТ, сургалтын төв төгссөн залуучууд болон төгсөх ангийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд “Мобиком” ХХК, “Mongolian Software corporation” ХХК-ийн салбар компаниуд, “Астерикс” ХХК, “Од инновэйшн” ХХК оролцох юм. 

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан шатны нийт 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг аливаа нэгэн төлбөргүй зохион байгуулж байна.2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт зохион байгуулах орчны хүртээмжээс хамааран 1,893 залуучууд сургалтад хамрагдаж, 646 нь төгссөн. Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуучуудыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож өгдөг юм. Иймээс тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм” гэж хэллээ. 

“Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Амаржаргал: "Манай байгууллага нь 2013 оноос эхлэн хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндэсний 120 компанитай хамтран ажилладаг. Энэ удаагийн ажлын байрны нээлттэй өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцохоор бүртгүүлсэн. 

Нарийн мэргэжил шаардсан ажлын байранд орох хүсэлтэй иргэдийн ур чадварыг өдөрлөгийн үеэр шалгах бөгөөд энэ нь ажил олгогчийн шийдвэр гаргах хугацааг богиносгох, ажлын байранд холбох үйлчилгээг хурдан болгох давуу талтай юм. " гэв.