Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр шатахууны үнийн өсөлтийн эсрэг машинтай жагсаал зохион байгуулсан иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. 

Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан иргэд автомашинтай жагсаал зохион байгуулж байгаа юм. Тэд  шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн нэгжүүд төр, засагт шахалт үзүүлж мөнгө авдаг, үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг зэргийг уулзалтын үеэр хөндлөө.

Энэ үеэр Ерөнхий сайд "Үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд хүнд тусч байгаа гэдэгтэй санал нэг байна. Шатахууны үнийг Засгийн газар хатуу тогтоож барих боломжгүй, харин Онцгой албан татварыг тэглэх зэргээр тодорхой зохицуулалт хийж байгаа. Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрээ аль болох богино хугацаанд ашиглалтад оруулж хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах нь хамгийн чухал.

Та бүхний саналыг хүлээн авч хамтран ажиллана. Хүн бүр гар утастай болсон энэ үед хаана бензин дутуу шахаж, хуурамч бензин борлуулж байна. Түүнийг шууд бичээд холбогдох байгууллагад мэдээллэж бай. МХЕГ, ШӨХТГ энэ асуудалд тууштай хяналт тавьж, иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалт явуулж, тууштай ажилла. Мөн иргэдээс мэдээлэл хүлээж авах утаснуудаа иргэдэд тодорхой болгож зарла" хэмээв.

Мөн тэрээр У.хүрэлсүхийн Засгийн газар 2 зүйлийг бий болгох гол зорилго тавьсан. Нэгдүгээрт, Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг сэргээх юм. Энэ асуудал нэлээд дорвитой явж эдийн засгийн үзүүлэлт нэмэгдэж, өрийн хэмжээ ч багасч байна. Шударга ёсыг бэхжүүлэх ажлыг ч хэрэгжүүлж эхлээд байна гэдгийг нэмж хэллээ.

Машинтай жагсаал хийсэн иргэдийн төлөөлөл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шатахууны үнийн асуудалд анхааран ажиллахыг хүсэж, хамтран ажиллах саналыг хүлээн авч буйд талархал илэрхийллээ. Мөн тэд Ерөнхий сайдыг 60 тэрбумын хэрэгт холбоотой хүмүүст улс төрийн хариуцлага хүлээлгэх ажлыг эхлүүлж буйд баяртай байгаа илэрхийлж, шударга ёсны төлөөх таны тэмцлийг шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж буй 20 мянган иргэн дэмжиж, ар тал тань байх болно хэмээлээ.

Тус уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон МХЕГ, ШӨХТГ-ын мэргэжилтнүүд оролцож жолооч нарын асуултад хариулж, шатахууны үнийн талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

2018 он гарсаар шатахууны үнэ хэл хэдэн удаа нэмэгдсэнийг эсэргүүцэж өнгөрсөн 7 хоногийн даваа гарагаас эхлэн 5 өдөр иргэд Төрийн ордныг тойрон машинтай жагсаал зохион байгуулсан. Тэд шатахууны үнийг тогтворжуулж, 1500 төгрөгт барихыг шаардсан юм.