-Хятад дахь нийгмийн асуудлууд-

Манай хотод өглөө болоход хамгийн түрүүнд сургуулийн сурагч, их сургуулийн оюутан юм уу цэцэрлэгийн жаахнуудыг хүргэж яваа эцэг эхчүүд, эмээ өвөө нартай таарч магад. Харин Хятадын ихэнх хотуудад тааралдах эхний хүн нь ахмад настан байж мэднэ. Тэд маш эртэч бөгөөд шинэ ногоо авахаар өглөөний зах руу явж байгаа нь тэр.

Хятад хөгшчүүл бол маш арвич хямгач хүмүүс. Тэд хэдэн үеэрээ гачуу дутуугийн зовлонг амсч, Соёлын хувьсгалын хүнд бэрх он жилүүдийг үзэж туулсан улс. Хөх хотод гэхэд шинэ байрыг бүрэн засч чимэглэсэн, нөгөө бол доторх заслыг нь өөрсдөө хийнэ гэсэн сонголтоор худалдан авч болдог юм билээ. Миний амьдарч байсан хороолол гэхэд настайчууд олонтой, 5-6 давхар, цахилгаан шатгүй барилга байсан. Лавтайяа 5-10 жилийн өмнөх орон сууц. Гэтэл одоог хүртэл цементэн шал ханатайгаа байгаа айл байж л байдаг. Монгол хүн гэр орондоо тав тух, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг. Хэрэв тэдэн шиг цементэн шал ханатай байшинд хэдэн жил амьдарвал сэтгэл санаагаар унаад үхнэ биз. Харин тэд орлогын хэмжээ нь нэмэгдлээ ч хэрэглээгээ санасны зоргоор нэмдэггүй байх нь. 

Өнөө цагт Хятадын нийгэм халгиж цалгиж байна уу тэдэнд энэ нь огт хамаагүй мэт. Хаана хямд төсөр, боломж бололцооны зүйл байна, тэнд явж л харагддаг. Өглөө ажил эхлэх, орой ажил тарах үед автобусаар зорчиж яваад залуустаа ад болно. Олон нийтийн сүлжээгээр, “Энэ хөгшчүүд ид ачааллын үеэр автобус унаанд битгий суугаач ээ. Бусад үед нь гадуур дотуур гарч баймаар байна” хэмээн бичсэн хэн нэгний постыг дэмжсэн байр суурьтай хүмүүсийн дийлэнх олонх нь залуучууд байх. Орчин үеийн залуус нийтийн тээвэрт барагтай бол сандал олж сууя гэхгүй, суусан бол настай хүн байсан ч сандал тавьж өгөхгүй байх нь бий. Тэглээ ч тэд хүндлэл нэхэж залуучуудтай хэрэлдэж толхилцоод байхгүй. Хятад хүн ер нь түрийвчинд л гар дүрэхгүй бол хэр баргийн асуудлыг өөртөө наахгүй. Харин өөрийнх нь хувийн орон зай, ялангуяа мөнгө төгрөгтэй холбоотой асуудал руу нь өнгийвөл юу ч хийж мэдэхээр улс шиг санагддаг. 

Хятад хөгшчүүл шиг амь нас, эрүүл мэнддээ хайртай хүмүүс энэ дэлхий дээр ховор биз. Ядаж л өглөөний зах явж өдөрт идэхээ цуглуулангаа дасгал хөдөлгөөн хийчихнэ. Хэзээ гэртээ харьдаг юм бол доо гэж харахаар, ер яарч адгасан шинжгүй амьдрал хэзээнээсээ ийм л байсан тийм л байх болно гэсэн шиг бэдэрч явах. Хажуугийн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг буланд нийтийн бүжигт дуртайчууд зөөврийн өсгөгч тавьчихсан бүжиглэж байх бол нөгөө хэсэгт сүүдэр шийнд тоглох гэсэн хэдэн ахмадууд нүүр амаа жарвайтлаа будаж сууна. Талбайн бүжиг нь ахмадуудад, дунд насныханд, залууст зориулсан хэм хэмнэл бүхий хөдөлгөөнтэй. Настайчуудынх нь мэдээж удаан хэмнэлтэй.

Орчин цагт настай хүмүүсийг бие эрүүл байхаас гадна сэтгэл санааны хувьд залуу, эрч хүчтэй, шинийг нээж туршиж үзэж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөх болжээ. Тиймээс төр засгаас тэднийг нийгэм дотор, олон дунд эрүүлжих бололцоог боломжоороо гаргаж өгдөг. Түүний нэг гарц нь дээр дурдсан цэцэрлэгт хүрээлэн. Цэцэрлэгт хүрээлэн нь эмнэлэг рүү хүрэх замыг сааруулагч гэхэд болно. Тэнхлүүн нэг нь дуулж бүжиглэж, хөзөр маажаан тоглож, ширээний теннисээр хичээллэж, элдэв төмөр, турникнээс зуурч зогсоно. Хэт өндөр настнууд нь түрдэг тэргэн дээр суучихсан үр хүүхдүүдээрээ түрүүлчихсэн явах.

Урд хөршид өндөр настны тоо жилээс жилд хурдацтай нэмэгдэж байна. Насжилт тус улсын Засгийн газрын ирэх жилүүдийн анхаарал татсан асуудлуудын нэг болжээ. Хөгшчүүл нь гэрлэх насаа хойшлуулсаар буй хүүхдүүдийнхээ гэрлэхийг үзчих гээд, хүүхэд төрүүлэхээ чухалчлахаа больсон тэднийхээ үр хүүхдийг харчих гээд байдаг. Гэтэл нийгэм тэдний хүссэн санасан шиг, мөн тэдний амьдарч ирсэн цаг үеэс өөрчлөгдөөд байдаг. Төр засаг гэлтгүй хот суурин, албан газрынхаа түвшинд ахмадуудад зориулсан бодлого шийдвэр гаргаж байгаа ч насжилтын давхарга хурдтай нэмэгдэж байгаагаас хөгшчүүлээ хэн асрах вэ, хаана хэрхэн асрах вэ гэсэн асуудал толгойн өвчин болж мэдэхээр байна.

Хятадууд бол Азийн бусад орнуудын адил гэр бүлсэг хүмүүс. Уламжлалт гэр бүлийн харилцаа энэ улсад доголдож эхэлсэн. Өнөө цагт боловсрол, ажил мэргэжил, карьер хөөсөн залуусын бүхэл бүтэн нэг үе бий болжээ. Бээжин, Шанхай зэрэг томоохон хотод гэрлэлтийн нас хойшилсоор байна. Их сургуулийн бакалаврын дипломоор их хотод хөлөө олж амьдарна гэдэг тун бэрх. Нэгэнт хөлөө олоогүй хүн хөдөлмөрийн зах зээл дээр оршин тогтоно гэдэг боломжгүй. Иймээс шинэ үеийн Хятадууд суралцахад залуу насаа зарцуулж байна. Ялангуяа, охид бүсгүйчүүд. Ямартаа л “Хүнийг эрэгтэй, эмэгтэй, доктор эмэгтэй гэж гурав ангилна” гэсэн онигоо гарч байх вэ. Докторын зэрэг хамгаална гэдэг нь насны хувьд, 30 хэдийнэ гарчихсан байх ба өөрийн үзэл бодол тогтож, амьдралын үнэлэмжтэй болсон байдгаас баргийн хүнтэй суухгүй. Суулаа ч тэр баримжаанд нь торж тогтож амьдарна гэдэг хэцүү гэсэн санаа уг онигооноос цухалзана.

Шинэ үеийн хятад залуус толгой өөд татахгүй суралцана. Гэхдээ оюутан болонгуутаа гэнэт ухаан орсон юм шиг өглөө үдэшгүй хичээл номоо нүдэж суудаг гэсэн үг биш. Эцэг эх нь тэднийг бүр хар багаас нь хүүхэд нас, хүсэл мөрөөдөл гэж байхгүй болтол нь элдэв сургалт, дамжаагаар цэнэглэдэг. Нас биед хүрэх үед тэдний зарим нь дэндүү ухаантай, өндөр боловсролтой эцэг эхийнхээ хүссэн шиг нэгэн болж төлөвшдөг. Харин үзэл бодол, үнэт зүйл нь яаж төлөвшив гэдэг дээр тус улсын удирдагчид санаа зовдог гэх. Учир нь баячууд нь хүүхдээ аль багад нь Европод амьдруулж, Америкт сургадгаас болж, орчин цагийн хүүхдүүд бодит хөрсөн дээрээ буудаггүй, социализмын чиг баримжаанд нэгтгэгдэггүй иргэн болж төлөвшиж байна уу хэмээн болгоомжилдог. Гэвч эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг, Хятад хүн л бол хятад хүн шүү дээ. 

Эл улс өнгөрсөн жилүүдэд үйлдвэрлэгч улс байсан. Оймс гутлаас авахуулаад цахилгаан бараа хүртэл хэдэн мянган төрлийн барааг дэлхийд нийлүүлж ирэв. Орчин цагт бүтээгч улс орон болох зорилтоо гүйцэлдүүлж яваа. “Хятадад үйлдвэрлэв” бус “Хятадад бүтээв” гэсэн шошготой болохын тулд гадны мэргэжилтнүүдийг урих биш хятад хүний толгойг ашиглах эрмэлзэл, том амбиц мэдрэгдэнэ. Улсынхаа энэ амбицыг хөөвөл хүүхэд залуучууд нь эрдэмд үдэш оройгүй суралцахаас өөр аргагүй. 

Хятад эцэг эхчүүд ганц хүүгээ чадлаараа хөгжүүлж, боловсролын зах зухтай болгоно. Дараа нь бэрээ хүлээнэ. Байр сав ч зэхнэ. Зарим нь тэсэлгүй сүйт бүсгүй хайж, эрэл сурал болох ч эцэг эхийнхээ саналаар гэр бүл болдог хүн гэж одоо цагт үлгэр болсон хойно тэрхүү оролдлого нь бүтэхээсээ бүтэхгүй нь их. Түүний дараа ачаа үзэж, эмээ өвөө болох гэсэн чин хүсэл залгана. Дөч гаруй насандаа эмээ өвөө болох нь Монголд байдаг л үзэгдэл. Хятадад энэ бол бүтэшгүй санаа. Шинэ үеийн залуучуудад хуучныг баримтлагчид шүүмжлэлтэй ханддаг. Ачлал хүндлэлгүй гэж. Сүйт бүсгүйн хувьд нэгдүгээрт орон байртай байх, хоёрдугаарт унаа машинтай байх, гуравдугаарт хадам аав ээжтэйгээ амьдрахгүй байх гэсэн шаардлагыг сүйт залуудаа тавьдаг болсон нь тэдний эгдүүцлийг төрүүлдэг. 

Хятад орон ойрын жилд 2 хүүхдийн бодлого нэвтрүүлсэн. Энэхүү бодлогод залуу гэр бүлүүд болгоомжтой хандаж байна. Учир нь эх, бие давхар болсон цагаас нярайлах хүртэлх үеийг эхний нэг шат гэж үзвэл тэр гэр бүлийн мөнгөний тоолуур өмнөхөөсөө хурдан гүйж эхэлдэг. Бидний боддог шиг Хятад хүн гэхээр хүн бүр нь наймааны тэнгэртэй, худалдаа наймаа хийхээр төрчихсөн байдаг гэсэн үг биш. Зөвхөн цалин цагаагаараа амьдардаг хүмүүс өч төчнөөнөөрөө. Түүнээс цааш дээр бичсэнчлэн боловсрол, эрүүл мэнд, орон байрны гээд маш их зардал тэр эцэг эхийг хүлээж байдаг. Хэдий том хотод амьдарна, төдий чинээ зардал өндөртэй. Тэр хэрээрээ хүүхдүүд нь таргалалтад өртөж, харааны шил зүүсэн байх нь энэ цагийн энгийн нэг горим. 

Хятадын нэг нийтлэлч хэдэн жилийн өмнө нэг нийтлэл бичсэн юм биз дээ. Бяцхан хаанчлалын үед хүүхдүүд чанасан өндөгөө хальсалж идэж чадахаа хүртэл больж байна гэсэн санаагаараа нийгэмд цочроо өгөхийг оролдсон гэх. Хэрэв үнэн бол энэ ард түмний ажилч хөдөлмөрч зан чанар “Улаан ном” ортлоо ховордож байгаа хэрэг юм болов уу. Намайг урд ажиллаж байхад залуучууд нь гэртээ хоол хийж идэхээ болиод, гадуур хооллодог болчихсон байсан. 2020 оны цар тахал тэднийг эрхбиш тогоо шанагатай нь “уулзуулсан” байх гэж бодогдоно.

Орчин үеийн залуус эмээ өвөө нар шигээ ганц юанийг ч болов хямгадаж амьдрахаа больсон шиг харагддаг. Дэлгүүр хоршоогоор тааваараа хэсч, хэдэн тороор нь бараа туруу худалдан авч явах. Нуруу туруу өндөр, зүс царай цэвэрхэн ч болсон цаг. Гоё бөгөөд цэвэрхэн хувцаслана. Голчлон сул загвартай, Солонгос стилийн сонголт хийнэ. Зарим нэг нь эцэг эхээрээ зээлийн карт авахуулж, тултал нь өр тавина. Аав ээж нь үглэл дуулал болж өрийг нь төллөө ч дахиад л үрэн таран хийж, компьютер тоглож, найзуудтайгаа хотуудаар хэсч санааг нь зовооно. Сайн эцэг эхтэйнх ч биз, бэл бэлчинтэйнх ч биз. Ганц хүүхдийн бодлогын дам үр дагавар ийн илэрч байна уу ч гэж харагддагсан.