БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун вэрэн нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү хэлэлцээрийн дагуу Хятадын тал Монголын талтай хамтран мазаалай баавгайн амьдрах орчны менежментийн төслийн судалгаа, мазаалай баавгайн амьдрах орчны экологийн чанарын үнэлгээний судалгаа, хүнсний ургамлын популяцын судалгаа болон биологийн олон янз байдлын мониторингийн судалгаа хийх ажээ. 

Монголын Их говийн тусгай хамгаалалттай газарт техникийн болон мэргэжлийн хүмүүст газар дээрх сургалт зохион байгуулах, БНХАУ-д хоёр удаагийн сургалт зохион байгуулах, төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангах, төслийн хэрэгжилтийн хугацаанд мазаалай баавгайн тэжээлд зориулан жилд 20 тонн улаан буудайн үр олгох зэрэг ажил төсөлд багтжээ. Төслийн нийт өртөг нь 11.63 сая юанийн санхүүжилттэй бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна.