Их Британийн Эймсбери хотод мэдрэл саажуулах бодист хордсон эмэгтэй нас барсан тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.

Даррингтоны оршин суугч 44 настай эмэгтэй Дон Стержесс өчигдөр орой эмнэлэгт нас баржээ. Түүнтэй хамт хордсон эрэгтэйн биеийн байдал тун  хүнд байгаа гэнэ.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг терроризмтай тэмцэх газрын мэргэжилтнүүд удирдан явуулж, Уилтшир мужийн цагдаагийн газрын ажилтнуудтай 100 гаруй мөрдөгч хамтран ажиллаж байгаа аж.

Стержессийн нас барсан явдалд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болон Скотланд-Ярдын терроризмтай тэмцэх хэлтсийн тэргүүн Нил Басу нар эмгэнэл илэрхийлжээ

Их Британийн Солсбери хотоос 10 км зайд орших Эймсбери хотод үл мэдэгдэх бодист хордсон 2 хүнийг гэртээ ухаангүй хэвтэж байхад нь цагдаа нар олсон тухай  өмнө нь мэдээлж байсан билээ. Биеийн байдал нь тун хүнд байсан 2 хүнийг энэ сарын 4-нд эмнэлэгт хүргэсэн юм. Үл мэдэгдэх бодист хордсон 2 хүнийг ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хордуулсан мэдрэл саажуулах “Новичок” бодисоор хордуулсан болохыг Скотланд-Ярдын цагдаагийн газар мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг